Б.Жавхлан: Хөрөнгө оруулалтыг эдийн засаг, бизнесийг дэмжих төсөлд зарцуулна

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанд Сангийн сайд Б.Жавхлан ирэх оны төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн тухай хуулийн төслийг танилцуулжээ. Энэ талаар Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэв. Төсвийн тухай хуулийн хүрээнд жил бүрийн есдүгээр сарын 15-ны дотор дараа жилийн төсвийн анхны төслийг танилцуулдаг байна. Энэ дагуу анхны төслийг танилцуулсан гэдгийг Сангийн сайд онцлов. Мөн Шинэ сэргэлтийн бодлого буюу цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх тухай хуулийн төслийг танилцуулсан хэмээсэн юм. Тэрбээр, “Ирэх онд эдийн засгийн сэргэлт үргэлжилнэ гэсэн төсөөллөөр төсвийн төслийг боловсрууллаа. Энэ хүрээнд эдийн засгаа сэргээх, цар тахлын дараах эдийн засгийн тэлэлтийг эрчимжүүлэх бодлого хэрэгжүүлнэ. Ингэхдээ хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэх, урсгал зардал бүр нийгэмд үр өгөөжтэй байхад анхаарна. Түүнчлэн хөрөнгө оруулалт нь нийгэмд үр өгөөжтэй байх үйлчилгээг санхүүжүүлдэг байх, дараагийн урсгал зардлыг бий болгодог бус эдийн засаг, бизнесийг дэмждэг болох шинэчлэл хэрэгжүүлнэ. Дээрээс нь ирэх дөрвөн жил бидний нийслэлд хэрэгжүүлэх бодлого, ажлын төв нь түгжрэлтэй тэмцэх асуудал байх болно. Дээрээс нь төсвийн байгууллагуудын бүтцийн өөрчлөлт үргэлжилнэ. Тухайлбал, энэ жил эрүүл мэндийн салбарт үр дүн, чанар, гүйцэтгэлд суурилсан санхүүжилтэд шилжсэн бол цаашид боловсрол, соёл урлагийн салбарт хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Монгол Улсад төрийн 198 мянган албан хаагч бий. Тиймээс төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хувийн хэвшлийн байгууллагаар зарим ажлыг гүйцэтгүүлж, төрийн бүтцийн цомхон болгох шинэчлэл эхлүүлнэ” гэлээ. Монгол Улс 2019 онд 36.5 сая тонн нүүрс экспортод гаргаж байсан бол энэ онд цар тахлын улмаас 16 сая тонн болж буух төлөвтэй байгаа аж. Харин ирэх онд 36.5 сая тонн нүүрс гаргахаар төсвийн төсөлд тусгажээ. Ирэх онд дэлхийн зах зээлд нүүрс, алт, зэс гэх мэт манай экспортын гол нэрийн бүтээгдэхүүний үнэ өндөр байх тул Монгол Улс энэхүү боломжийг ашиглах ёстой гэдгийг Сангийн сайд хэллээ. Үүний тулд ГХЯ, ЗТХЯ, Сангийн яам зэрэг бүхий л байгууллага хамтран ажиллана гэв. Засгийн газар ирэх сарын 1-нд төсвийн хуулийн төслийг эцэслэн боловсруулж, УИХ-д өргөн барина. Энэ үеэр олон нийтэд илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгнө гэдгийг Сангийн сайд мөн дурдсан юм. Тэрбээр, “Тог, цахилгаан, хогний төлбөрийг хөнгөлсөн шийдвэр энэ оны арванхоёрдугаар сарын 31-нд дуусна. Ирэх жил үргэлжлүүлэхгүй. Энэ оны тавдугаар сард баталсан 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэлд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 20 мянган төгрөг байхаар баталсан. Тэгэхээр хүүхдийн мөнгө нь хүүхдэд очих халамжаас гадна цар тахлын хүнд үед өрхийн орлогыг дэмжсэн. 100 мянган төгрөгөөс шууд 20 мянган төгрөг рүү буух нь хэрэглээний шок үүсгэх тул аажмаар шилжих хувилбар судалж байгаа. Тиймээс хүүхдийн мөнгөн дээр хэд хэдэн хувилбар гаргаж байна. Тухайлбал, Ирээдүйн өв сан. Хүүхдүүдийг ирээдүйдээ зориулж мөнгө хуримтлуулах боломжийг бий болгож, Ирээдүйн өв сангаар баталгаажуулна. Энэ хугацаанд зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд 50 хүртэл хувийг нь бэлнээр авдаг болох зэрэг бодлого руу шилжинэ гэж төлөвлөж байгаа. Ирээдүйн өв сангаар баталгаажуулбал, 6 настайгаасаа хүүхдийн мөнгөө хуримтлуулаад 18 нас хүрэхэл 18-20 сая төгрөгтэй болно. 20 сая төгрөгтэй хүн бол хөрөнгө оруулагч шүү дээ” гэлээ.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     37    0