Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагт “Мэргэн ном” цом гардууллаа

Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагт үндэсний бичиг, номын соёлыг түгээн дэлгэрүүлэх үйлсийг нь үнэлж УИХ-ын дарга Г.Занданшатарын нэрэмжит “Мэргэн ном” цомыг Төрийн ордонд өнөөдөр гардууллаа. УИХ-ын 2021 оны долоодугаар сарын 2-ны өдрийн хуралдаанаар, Нийтээр тэмдэглэх баяр, амралтын өдрийн тухай хуульд, тав болон есдүгээр сарын 3 дахь долоо хоногийн амралтын өдрүүдийг Үндэсний ном, бичиг соёлын өдрүүд болгон өөрчлөлт оруулсан юм. Энэ хүрээнд тус номын баярыг энэ жилийн есдүгээр сарын гурав дахь долоо хоног буюу энэ сарын 18-19-нд “Номын баяр - бидний баяр” гэсэн уриатайгаар зохион байгуулах гэж байна. Өнөөдөр тус номын баярыг угтан УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар “Номын баяр - бидний баяр” ёслолыг зохион байгуулсан юм. Ёслолын үеэр МОНЦАМЭ агентлагийн гэрэл зургийн архиваас өнгөрсөн хугацаанд зохион байгуулсан номын баярын онцлох гэрэл зургуудаар үзэсгэлэн дэлгэв. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэхдээ, “Номыг эрхэмлэн дээдлэх нь чухаг гурван эрхмийн дээд юм. Иргэддээ номын соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор номын баярыг тэмдэглэх болсон. Монголчууд үндэсний бичиг соёлын аугаа түүхтэй ард түмэн. Үндэсний бичиг, соёлын өдөртэй болсноор, жилдээ хоёр удаа зохиолчид номоо дэлгэж, уншигчидтайгаа уулздаг болсон. Уншдаг ард түмэн хөгжинө, уншдаггүй бол ухарна, хоцорно, мөхнө. Тиймээс Монголын ирээдүй оюуны их уурхайгаа ухаж чадвал Оюутолгойгоос илүү баялаг олж болно. Өнгөрсөн жилийн номын баяраар хүүхэд багачууддаа өдөрт номын таван хуудас уншдаг байхыг уриалсан. Энэ хэвшлийг ажил болгож чадвал хүн бүр уншдаг болох нь гарцаагүй” хэмээгээд энэ жилээс “Өдөр бүр уншдаг байя” гэсэн уриаг дэвшүүллээ. Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалд номын соёлыг түгээн дэлгэрүүлэх ажилд цахим номын сан байгуулах, цахим технологи нэвтрүүлэх замаар дэвшил авчрахад анхаарах нь зүйг дурдлаа. Мөн тэрээр төгсгөлд нь, өнгөрсөн хавар номын баярыг зохион байгуулах үед цар тахлын хоёрдугаар давалгаа өрнөж байсныг тэмдэглээд, номын баяраар мянга гаруй хүн Д.Сүхбаатарын талбайд цугласан ч маргаашаас нь халдварын тохиолдол буурч байсныг онцоллоо. Ингээд тэрбээр жил бүр тухайн жилд шилдэг номын зүтгэлтэн, үндэсний бичиг, соёлыг түгээн дэлгэрүүлэгчдэд олгодог, ном тэвэрсэн мазаалайн төрх бүхий “Мэргэн ном” цомыг гардуулсан юм. “Мэргэн ном” цомоор, Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг болон Худалдааны гавьяат ажилтан А.Шагдарсүрэн, Төрийн соёрхолт, Ц.Санжид нарыг шагналаа. Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг нь өнгөрсөн хугацаанд номын баяраар мэдээллийн түншээр ажиллахын зэрэгцээ уран бүтээлчдийнхээ бүтээлийг дэлгэн үзүүлж ирсэн юм. Мөн Монгол Улсад цор ганц, үндэсний босоо бичгийн долоо хоног тутмын тогтмол хэвлэл болох “Хүмүүн бичиг” сониныг эрхлэн гаргадаг билээ.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     39    0