Говь-Алтай аймагт төрөлт буурчээ

Говь-Алтай аймгийн хэмжээнд энэ оны эхний найман сарын байдлаар 879 эх амаржиж, 883 хүүхэд төрсөн бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 89 тохиолдлоор буурсан байна. Аймгийн хэмжээнд нийт төрөлтийн 90.7 хувь нь төрөлжсөн мэргэжлийн эмчийн тусламж хяналтад амаржсан байна. Харин аймгийн Нэгдсэн эмнэлэгт 509 эх сумаас ирж төрсөн нь тус эмнэлэгт төрсөн эхийн 63.9 хувийг эзэлж байгаа тухай ЭМГ-аас мэдээлэв. Энэ оны эхний найман сарын байдлаар жирэмсний хяналтад шинээр 674 жирэмсэн эмэгтэй хамрагдсан ба 93.0 хувь нь эхний гурван сартайд, 6.4 хувь нь 4-6 сартайд, 0.6 хувь нь 7 ба түүнээс дээш сартайд тус тус хяналтад орсон байна. Эхийн эндэгдэл, төрөлхийн тэмбүүгийн тохиолдол гаргалгүй ажиллаж байгаа тухай аймгийн ЭМГ-аас мэдээлэв. Түүнчлэн мөн хугацаанд аймгийн хэмжээнд 883 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 93 хүүхдээр буюу 10.5 хувиар буурчээ. Амьд төрсөн хүүхдийн 464 буюу 52.5 хувь нь хүү, 419 буюу 47.5 хувь нь охин байна. Амьд төрсөн хүүхдийн 5.3 хувь нь бага жинтэй буюу 2500 гр-аас доош жинтэй төрсөн тухай ЭМГ-аас нэмж дуулгав.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     45    0