Х.Болатбек: Эрх нь зөрчигдсөн хүмүүс өөртөө тохиромжтой сувгаар гомдол, мэдээлэл ирүүлэх боломжтой

Баян-Өлгий: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Баян-Өлгий аймаг дахь улсын байцаагчаар томилогдсон Х.Болатбектэй ярилцлаа. - Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах хариуцлагатай албанд томилогдсон явдалд баяр хүргэе. - Баярлалаа. - Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын орон нутаг хариуцсан улсын байцаагч нь ямар чиг үүргийг хэрэгжүүлэх вэ? - Миний хувьд саяхан томилогдсон болохоор ажлын төлөвлөгөөгөө боловсруулж байна. Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр бүхий л асуудлаар ард иргэдтэй хамтран ажиллах болно. - Хамгийн түрүүнд ямар асуудлыг барьж авч шийдвэрлэхийг зорьж байна? - Баян-Өлгий аймагт өргөн хэрэглээний бараа, түлээ, нүүрсний үнэ өссөн байгаа. Жишээлбэл, уурхай дээр 1 тонн бүхэл нүүрсийг 45800 төгрөгөөр авдаг. Үүнийг аймгийн төвд 100 мянган төгрөгөөр зардаг. Цаашид 120 мянган төгрөг болгоно гэж байна. Бидний тооцоолсноор 1 тонн нүүрсийг аймгийн төвд 62 мянган төгрөгөөр оруулж ирэх боломжтой. Нүүрс тээвэрлэдэг жолооч нар 20-25 тонн даацтай машинаар уурхай руу нэг явж ирэхэд л 800 мянгаас 1 сая төгрөгийн ашиг олж байна. Үнийн өсөлтийн асуудлаар аймгийн Засаг даргын 2021 оны 719 дүгээр захирамжаар ажлын хэсэг байгуулсан. Миний бие нарийн бичгийн даргаар нь ажиллаж байна. Түүнээс гадна өвсний асуудал байгаа. Тухайлбал, нэг боодол өвс 25 кг жинтэй байх ёстой. Гэхдээ манайд борлуулж байгаа өвсний жин заасан хэмжээнд хүрэхгүй байгаа ч өндөр үнээр зарагдаж байгаа. Эдгээр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийг зогсоох асуудлаар Мэргэжлийн хяналтын газар, Өлгий сумын ЗДТГ зэрэг байгууллагуудтай хамтран ажиллаж байна. - Өмнө нь хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах үүрэг нь аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн даргад байсан ч зөрчил гаргасан этгээдэд хариуцлага хүлээлгэх эрхгүй байв. Танд ийм эрх байна уу? - Миний бие Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт шууд харьяалагдан ажиллана. Хэрэглэгчийн эрх ашгийг зөрчсөн иргэнд 2 сая, аж ахуйн нэгжид 20 сая хүртэлх торгууль оногдуулах эрхтэй. Энэ эрхээ прокурорын байгууллагын хяналтын доор хэрэгжүүлнэ. - Ард иргэдийн гомдол, мэдээллийг ямар сувгаар хүлээж авах вэ? - Өнөөдөр олон нийттэй харилцах пэйдж хуудас нээнэ. Мөн 95112822 утсаар холбогдох боломжтой. Заавал өргөдөл бичиж авч ир гэхгүй. Эрх нь зөрчигдсөн хүмүүс өөртөө аль тохиромжтой сувгаар гомдол, мэдээлэл ирүүлэх боломжтой. Миний бие иргэдтэй нягт хамтран ажиллаж, үүссэн асуудлыг газар дээр нь очиж шалган зохих арга хэмжээ авах болно. - Аймгийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулсан гэж дээр хэллээ. Ажлын үр дүнг нь хэзээ танилцуулах вэ? - Тагнуул, мэргэжлийн хяналт, онцгой байдлын байгууллага, Өлгий сумын захиргааны төлөөллүүд багтсан ажлыг хэсэг байгаа. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, мал, малын тэжээлийн үнийн өсөлт, зохиомол хомстол үүсэхээс урьдчилан сэргийлэх, хяналт шалгалт хийх үүрэгтэй. Ажлын хэсэг холбогдох судалгаагаа хийсэн, энэ 7 хоногийн сүүлээр аймгийн Засаг даргын зөвлөлд танилцуулах болно.
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     45    0