XIV ДАЛАЙ ЛАМ: Хүн төрөлхтөн аз жаргалтай амьдрахын тулд дотоод сэтгэлдээ анхаарал хандуулах нь маш чухал

Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам зуны эхэн сарын шинийн 15-ны Их Дүйчэн өдөр Монголын Бурхны Шашинтны төв, Гандантэгчэнлин хийдийн хүсэлтээр Монгол Улсад Бурхан Багшийн их дүйчэн өдрийг үндэсний хэмжээнд албан ёсоор тэмдэглэж буйтай холбогдуулан айлдвар айлдлаа. түүний айлдварыг гэвш А.Батцэнгэл сүсэгтэн олонд орчуулж хүргэсэн юм. XIV Далай Лам: Бид бүгдээрээ мэднэ. Төвд, монголчууд онцгой барилдлагатай ард түмэн юм. Монголын номын нөхдийн ихэнх нь Богд Зонховагийн шашныг шүтдэг хүмүүс. тиймээс та бүхэнд хэлэхийг хүссэн зүйл юу вэ гэхээр, эхлээд Бурхан багшийн айлдварыг санах хэрэгтэй байна. Бурхан багш юу гэж айлдсан бэ гэвэл “Өөрөө өөрийнхөө эзэн. Өөрөө өөрийнхөө аврагч юм” гэж айлдсан. Өөрийн зовлон, жаргал бүхэн хувь хүнээс шалтгаалдаг юм. Бусад шашинд бүтээгч Эзэн тэнгэрийг хүлээн зөвшөөрдөг. Бидний зовох, жаргах бүхэн Эзэн тэнгэрээс хамааралтай гэж ойлгодог. Харин Бурхны шашинтнуудын хувьд өөрсдөө сайн үйл хэрэг хийж, түүний үр дагаварт амар амгаланг амсдаг. өөрсдийн зүгээс сайн зүйлийг хийж чадахгүй, буруу зүйл хийгээд явбал түүний үр дагаварт нь зовлон ирнэ. Тэр зовлонгоос нь Бурхан аврах боломжгүй гэж номлодог юм. Тийм учраас Бурхан багш “Та өөрөө өөрийнхөө аврагч юм. Өөрөө өөрийнхөө итгэл юм” гэж айлдсан. Ингээд үзэхээр зовлон, жаргал бүгд хувь хүний гарт нь байдаг, өөрт нь байдаг. Өөрсдөө зовлонг хүсдэггүй, жаргалыг хүсдэг нь маш тодорхой шүү дээ. Хүн битгий хэл өчүүхэн хорхой хүртэл зовлонг хүсдэггүй, ая тухыг хүсдэг. Хүн төрөлхтний хувьд авч үзвэл, аливаа нэг зүйлийн учир шалтгааныг бодож, эргэцүүлэн тунгаан бодох саруул оюун ухаантай юм аа. Тиймээс бид аль чадахаараа энэ оюун ухаанаа ашиглаж, аль чадахаараа бусдад тустай, бусдад туслах, аль чадахаараа бусдыг хорлохгүй байхыг бодох хэрэгтэй. Хэрвээ өөрийн дотоод сэтгэлээ номхруулж, дотоод сэтгэлээ засаж чадвал бусдад хандсан аливаа муу үйлийг хийхээ болино. Тиймээс сэтгэлээ амирлуулж, сэтгэлээ номхотгож чадвал амгалантай, сэтгэлээ номхруулж чадахгүй бол зовлон үүснэ ээ гэж айлдсан байгаа. Сэтгэлийг засах, сэтгэлээ номхотгох тал дээр олон шашин бүгд айлдвар, сургаал, номлолоо айлдсан. Харин Бурхны шашны хувьд аваад үзвэл, сэтгэлийг засах, номхруулах тал дээр дан ганц ерөөл тавьсан төдийгөөр нөлөө үзүүлэхгүй гэж айлдсан юм. Тийм учраас сэтгэлийг хямраадаг, сэтгэлийг зовоодог ийм зүйлүүдийг таньж мэдэж, түүнийг уг үндсээр нь арилгах хэрэгтэй. Бурхан багшийн айлдвар, сургаал сэтгэлийг номхотгох гол зорилготой, номхотгохын тулд асар олон арга ухааныг айлдсан юм. Бид эргэцүүлэн сайн бодож үзвэл, зовлон гэж юу байдаг вэ, зовлонгийн үндэс нь юу байна вэ? Эдгээр бүгдийг сайн бодоод үзвэл явж явж бидний догшин, буруу сэтгэлээс үүдэлтэй гэдгийг мэдэж авч чадна. Догшин, буруу сэтгэл гэдэг бол товчдоо уур хилэн, хүсэл шунал гэх мэт эдгээр сэтгэлүүд байдаг юм аа. Эдгээр муу сэтгэлүүд хаанаас үүсдэг вэ гэхээр БИ гэж боддог, БИ гэж хүчтэй боддог энэ бодлоос үүсдэг юм. Бидний үндсэн мөн чанар бол бид нийгмийн амьтад юм. Бид нийгмийн амьтад учраас “Миний амьдрал бусдаас, нийгмээсээ хамааралтай”. Нэгэнт бусдаас, нийгмээсээ хамааралтай учраас тэдний төлөө, тэднийг энэрч хайрлах сайхан сэтгэл төрөх нь гарцаагүй юм. Жишээ нь, сүрэглэж амьдардаг амьтад бий. Сүрэглэж амьдардаг амьтад үргэлж бусдаасаа хамаарч амьдардаг шүү дээ. Нийгмийн амьтад нэг нэгэн рүүгээ анхаарал хандуулдаг, нэг нэгнээ хайрладаг чанар төрөлхийн байдаг гэж шинжлэх ухааны эрдэмтэд үздэг юм. Бид эхээс мэндэлсний дараа алгуур алгуур өсөж том болж эхэлдэг. Өсөж том болохын хэрээр “Би бүгдийг чадна. Би бусдаас хамаарах шаардлагагүй. Би өөрөө дангаараа энэ бүгдийг хийх чадалтай, хийх боломжтой” гэж үзээд өөрийгөө дөвийлгөж, бусдыг дорд үзэх ийм асуудлууд үүсч эхэлдэг юм. Бурхны шашинд энэ бүх сөрөг зүйлүүдийг арилгахын тулд сайхан сэтгэлийг номлосон. Сайхан сэтгэл гэдэг бол бидэнд төрөлхөөсөө байдаг зүйл. Учир нь юу гэвэл, би сая тайлбарласан бид нийгмийн амьтад. Нийгмийн амьтад учраас бусад руугаа хандсан сайхан сэтгэл бидэнд төрөлхөөсөө байдаг юм. Нөгөө талаасаа бид эхээс төрсөн даруйдаа эхийн энэрэл хайрыг анх мэдэрдэг шүү дээ. Эхийн энэрэл хайрын ач тусаар, ач буянаар эхээс мэндэлж, өсөж торниж, том болдог шүү дээ. Хүүхэд багадаа эхээсээ хамааралтай байсан бол алгуур алгуураар нийгмээсээ хамааралгүй юм шиг, энэрэнгүй сайхан сэтгэл төдийлөн чухал биш юм шиг бодож эхэлдэг. Тийм учраас бид бүхэн энэрэл хайр, энэрэнгүй сайхан сэтгэл дээр онцгойлон анхаарах хэрэгтэй. Хүн төрөлхтөнд төрөлхийн байдаг энэ зүйлээ, энэ нандин чанартаа бид улам анхаарал хандуулж, улам хөгжүүлж авч явах нь чухал юм. Үүнийг шашин шүтлэгтэй ч бай, шүтлэггүй ч бай ямар ч хүмүүс анхаарах хэрэгтэй. Шашин шүтлэгтэй хүмүүс дотор ч ялгаагүй бүх шашин энэрэл хайрыг номлож байдаг шүү дээ. Тиймээс бид бүгдэд энэрэл хайр маш чухал байна. Бурхны шашинд энэрэнгүй сайхан сэтгэлийг төрүүлэх арга замыг заасан. Харин энэрэнгүй сайхан сэтгэлийг төрүүлэхэд юу саад болдгийг маш нарийн тайлбарласан байгаа. Бусдыг энэрч хайрлах энэ сайхан сэтгэл төрөхөд саад тотгор болдог зүйл нь амин хувиа хичээх, амиа бодох явдал юм. Бид өөрсдийн ойр дотны хайртай хүмүүсээсээ аз жаргалыг хүртдэг, мөн өөрийн дайсан гэж ангилдаг хүмүүсээс зовлон ирдэг гэж ялгаварлан үздэг шүү дээ. Би байнга хэлдэг. Шинжлэх ухааны эрдэмтдийн тайлбарлаж буй Квант физикийн онол бий. Уг онолоор гадаад үзэгдэл бидний нүдэнд үзэгдэж байгаа, хэдийгээр тухайн зүйл тэнд бодитоор байгаа мэт үзэгдэж байгаа боловч энэ нь яг үнэндээ бол бодитоор оршихгүй байгаа гэдгийг тайлбарлаж байна. Ингээд үзэхээр бидэнд уур хилэн, хүсэл шунал хүчтэй төрөх үед цаад зүйлийг, баттай нэг зүйл байна гэж үзэж өөрийн ойр дотны хайртай хүмүүс рүүгээ шунал төрүүлдэг. Харин дайсан руугаа уур хилэн төрүүлдэг. Харин Квант физикийн онолоор энэ бүхэн бодитойгоор оршихгүй байгаа гэсэн үг юм. Квант физикийн онолоор бидний уурыг хүргэж буй тэр хүн бодитойгоор оршиж байгаа юм биш ээ гэдгийг тайлбарлаж байна. Хэрвээ тухайн зүйлийн мөн чанарыг үнэн зөвөөр нь ойлгож авч чадвал уур хилэн, хүсэл шунал, нисванисын сөрөг муу сэтгэлүүд арилах боломжтой. Тийм учраас Монголын номын нөхдөдөө үүнийг онцгойлон хэлье гэж бодож байна. Бид бүхэн амар амгалан, аятай тухтай, аз жаргалтай сайхан амьдрахыг хүсч байгаа. Энэ бол бидний зорилго шүү дээ. Үүнд хүрэхийн тулд бид хамгийн эхэлж, өөрийн дотоод сэтгэлээ амгалан, тайван болгох хэрэгтэй. Сэтгэлийг амгалан тайван болгоход хамгийн чухал зүйл бол энэрэнгүй сайхан сэтгэл юм. Тиймээс энэрэнгүй сайхан сэтгэлийг бүгд анхаараарай. Монголын номын нөхдөдөө тусгайлан хэлэх зүйл бол үүн дээр анхаарал хандуулах хэрэгтэй байна. Монголчуудын хувьд ихэнх нь Бурханы шашинтай хүмүүс. Дээр хэлсэнчлэн Бурхан багшийн айлдварыг бид бүхэн дагаж байгаа. Богд Зонхова бол Төвдийн Амдо мужаас мэндлэн гарсан. Бидний байнга уншдаг “Гандан лхажама” ном байгаа шүү дээ. “Гандан лхажама”-гийн уншлага дотор юу гэж гардаг вэ гэхээр “Цөвүүн цагт дээдийн номонд сайтар суралцаж, үнэн зөв явдал мөрөөр хэрхэн явсан тухай” гардаг. Түүний эрдэм номонд хэрхэн суралцсан, үнэн зөв явдлаар хэрхэн явсан тухайд бид бүхэн түүнийг даган дуурайх хэрэгтэй. Хамгийн гол нь юу вэ гэхээр дээдийн номонд суралцаж, суралцсан зүйлээ өөрөө амьдралдаа бодитой хэрэгжүүлэх нь маш чухал юм. Ийм учраас Монголын номын нөхөд та бүгдээрээ сая хэлсэнчлэн Богд Зонховаг дагаж байгаа, түүний шашныг шүтэж байгаа шавь нар шүү дээ. Тиймээс түүний явдал мөрийг бид дагаж, даган дуурайх нь чухал юм. Ингэхийн тулд бид Буддын гүн ухаан, Буддын гүн ухааны ном сургаальд сайтар суралцах нь маш чухал юм аа. Үүнийг нарийн нягталж, гүн гүнзгийгээр суралцах ёстой. Дан ганцхан сүсэг бишрэл, ерөөл тавьсан төдийгөөр энэ бүгдийг мэдэж авах боломж байхгүй. Богд Зонховагийн “Шашин дэлгэрэхүйн ерөөл”-д өөрийн мэдэж авсан зүйлээ амьдрал ахуйдаа бодитоор хэрэгжүүлж байж Бурханы шашин хөгжих болно оо гэж гардаг. Намайг Монголд анх очих үед монголчууд уншлага, зан үйл хийж байгаа, үүн дээрээ нэмээд Буддын гүн ухааны сургаальд гүн гүнзгий суралцах нь чухал байна шүү гэж би монголчуудад захиж байсан. Та бүхэн Мандал өргөх үедээ их өндөр дуугаар мандал өргөдөг. Хурлын зан үйлээ сайн хийхийн зэрэгцээ энэ гүн ухааны сургаал номлолдоо улам гүн гүнзгий суралцах хэрэгтэй шүү гэж монголчуудад захиж байсан юм аа. Монголоос лам хуваргууд Энэтхэгт хүрэлцэн ирж, Чойрын дацан хийдүүдэд шавилан сууж, Буддын гүн ухаанд гүн гүнзгий суралцаж байгаа. Тийм учраас монголчууд та бүхэн бүгдээрээ энэ гүн гүнзгий сургааль номлолд суралцаж, энэ номыг зааж сургах, мөн суралцах явдалд маш их анхаарал хандуулаарай. Энэтхэгт суралцсан лам хуваргууд эрдэм номоо дүүргээд Монголд буцаж очих үед тэдгээр хүмүүст тодорхой хэмжээний үүрэг хариуцлага хүлээлгэж, ажил хийлгэх хэрэгтэй. Гэлүгва буюу Богд Зонховагийн шашинд дагсал хаялцах, Чойрын номыг үзэх тал дээр маш их анхаарал хандуулдаг. Чойрын дацангуудад хүүхдүүдэд маш багаас нь Чойрын номуудыг заадаг юм. Монголын дацан, хийдүүд дагсал хаялцах, Чойрын номуудыг үзэх тал дээр хүүхдүүдэд сургах хэрэгтэй, үүн дээр анхаарал хандуулах хэрэгтэй. Чойрын номыг багаасаа сурвал улам илүү хурц оюун ухаантай болдог юм. Жишээлбэл, Монголын Хамба ламаас эхлүүлээд монголчууд данхар толгойтой байдаг шүү дээ (инээв). Тийм учраас та бүхэн өөрсдийн энэ том толгойгоо ашиглаж, Чойрын номонд сайн суралцах хэрэгтэй. Суралцахдаа Бурхан багшийн айлдвар сургаалийг шууд хүлээж авах уу, эсвэл тайлбартайгаар хүлээж авах уу гэдэг эдгээрт нарийвчилсан судалгаа хийж үзэх хэрэгтэй. Наландарын уламжлалд Бурхан багшийн айлдвар сургаалийг шууд хүлээж авах, шууд хүлээж авахгүй гэж хоёр ангилдаг. Энэ бүхэн бол маш их утга учиртай, нарийн зүйлүүд юм. Бурхан багшийн үед анх Бурхны шашин дэлгэрсэн. Бурханы шашин дэлгэрснээсээ хойш хоёр уламжлалд харьяалагдаж явсан. Санскрит олон пали уламжлалаар явсан. Санскрит уламжлал бол учир шалтгааны үүднээс аливаа нэгэн зүйлийг нягталж, судалж, дагсал хаялцах зарчмаар Буддын гүн ухааны гүн гүнзгий сургааль номонд суралцаж ирсэн. Пали уламжлалд ийм зүйл бага байдаг. Монголын өвөг дээдэс дотор Чойрын номонд гарамгай суралцаж, асар олон эрдэмтэн, мэргэд төрөн гарсан юм. Тийм учраас энэ, шинэ цаг үед ч гэсэн залуучууд энэ эрдэм ухаанд суралцах хэрэгтэй. Миний байнга хэлдэг зүйл бол XXI зууны Бурханы шашинтан байх ёстой. XXI зууны Бурханы шашинтан бол өөрийн сүсэг бишрэл, итгэл үнэмшлийг мэдлэг боловсролтой холбох хэрэгтэй. Ингэж чадвал XXI зууны Бурханы шашинтан болж байна гэсэн үг юм аа. Түүнээс биш уламжлал, өвөг дээдэс эцэг эхийн шүтэж ирсэн уламжлал төдийхнөөр хандаж болохгүй. Олон хүмүүс хэлдэг шүү дээ, мэдлэг боловсролтой холбогдохгүй бол мухар сүсэг гэж. Хэрвээ утга учрыг нь сайн мэдэхгүй бол энэ мухар сүсэг болох аюултай. Ийм учир бид бүхэн сургааль, номлолын гүн гүнзгий утга учрыг сайн мэдэж авах хэрэгтэй. Үүнийг мэдэж чадахгүй залбирч суувал энэ бол яалт ч үгүй мухар сүсэг болно оо. Яг үнэндээ Бурхны шашины зарчим бол мухар сүсгийг үгүйсгэдэг. Мухар сүсгийг арилгахын төлөө байдаг. Учир шалтгааны үүднээс сургаал номлолоо тайлбарладаг. Тайлбарлахдаа, суурь онол, гэгээрэлд хүрэх зам мөр, гэгээрлийн мөн чанар, энэ бүгдийг нэгд нэгэнгүй тайлбарласан байдаг. Эдгээр бүгдэд бид суралцахаас өөр арга байхгүй ээ. Суралцахгүй бол дан ганцхан залбираад, сүсэг бишрэл төдийхнөөр хандвал энэ үр дүнгүй болно. Мөн зарим тохиолдолд багш юу гэж айлдсан байна, түүнийг шууд хүлээж авдаг нь нэг талаасаа учир дутагдалтай юм аа. Яагаад вэ гэхээр, багшийн айлдсан сургааль номлолыг бид сайн нягталж, судлах ёстой. Судлах боломж бидэнд байгаа. Тийм учраас Монголын номын нөхөд та бүхэн бүгдээрээ ном үзэх тал дээр маш их анхаарал хандуулах хэрэгтэй. Дацан, хийдүүд уламжлалаа хадгалж, өөрсдийн уламжлал, зан үйлд маш их анхаарал хандуулж байгаа. Үүн дээр нэмээд та бүхэн энэ гүн гүнзгий ном сургаальд суралцахад анхаарах хэрэгтэй байна. Мөн Монголын сүсэгтнүүдийн хувьд ч гэсэн Буддын гүн ухааны ном сургаалд суралцах нь дан ганцхан лам хуваргуудын ажил гэж бодож болохгүй. Бид анх Энэтхэгт дүрвэж ирснийхээ дараа юунд анхаарал хандуулсан бэ гэхээр, бид өөрсдийн гэсэн хэл соёлтой, хэл бичигтэй. Тийм учраас бид өөрсдийн хэл, соёлоо хөгжүүлж, үүнийгээ хадгалан авч явах нь маш чухал байна аа. Тиймээс бидэнд тусдаа, Төвдийн сургууль хэрэгтэй гэж Энэтхэгийн Засгийн газарт, ялангуяа Бандида Неруд хүсэлт тавьсан. Неру бидний энэ хүсэлтийг хүлээн авч, тусгайлан Төвдийн сургуулиудыг бүрдүүлж өгсөн юм аа. Сургууль болгондоо номын багш гэж тусгай багш нарыг томилж байсан. Нэг жил би уриалга гаргасан. “Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд Чойрын сургалтыг оруулах хэрэгтэй. Дагсал хаялцах энэ арга ухааныг Ерөнхий боловсролын сургуульд оруулах хэрэгтэй” гэж уриалга гаргасан. Дагсал хаялцаж, ном үзэх энэ арга ухаан зөвхөн дацан хийдүүдэд байсан. Энгийн хүүхдүүд дацан хийдэд очиж, Чойрын номонд суралцах боломж төдийлөн байхгүй учраас ЕБС-ийн хичээлийн хөтөлбөрт нь дагсал хаялцах ийм тусгай хичээлийн хөтөлбөр оруулах хэрэгтэй гэж уриалга гаргасан юм. Энэтхэгийн Варанасийн их сургууль бий. Тус сургуульд эрэгтэй, эмэгтэй залуучууд суралцдаг. Варанасийн их сургуульд ч Чойрын номыг оруулах хүсэлтийг тавьж байсан. Энэ цаг үед Монголын ард түмэн, Монголын номын нөхөд та бүхэн ном сургаал, Буддын сургаал номлолдоо сайн суралцах хэрэгтэй. Утга учрыг нь ойлгож авах хэрэгтэй. Буддын гүн ухаанд номлож байгаа тэр үзэл онолуудыг өөрсдийн аль чадахаараа нотолдог, нягталж чаддаг байх ёстой. Миний хувьд Энэтхэгт ирснийхээ дараагаар шинжлэх ухааны олон эрдэмтэн, мэргэдтэй уулзаж, ярилцаж, санал бодлоо солилцож эхэлсэн. Шинжлэх ухааны эрдэмтэд шашин, сүсэг бишрэлийн тал дээр төдийлөн анхаарал хандуулдаггүй. Харин бидний учир шалтгааны үүднээс дагсал хаялцаж, учир шалтгааны үүднээс үзэл онолыг нотолдог энэ зарчимд тэд анхаарал хандуулж эхэлж байна аа. Орчин үеийн барууны шинжлэх ухаанд сэтгэл судлалын мэдлэг боловсрол төдийлөн байхгүй. Ер нь бол хүний аз жаргал, амар амгалан гэдэг бол явж явж бидний дотоод сэтгэлдээ тулдаг юм аа. Энэ бол ямар нэг гэгээрэл, нирвааны тухай асуудал ерөөсөө биш. Хүн төрөлхтөн аз жаргалтай амьдрахад хамгийн нэгдүгээрт, бид өөрсдийн дотоод сэтгэлд анхаарал хандуулах нь маш чухал юм. Үүнийг шинжлэх ухааны эрдэмтэд олж харж, үүнд анхаарал хандуулж эхэлсэн. Сүүлийн үеийн шинжлэх ухааны эрдэмтэд сэтгэл судлалын тал дээр Буддын гүн ухааны сэтгэл судлалын мэдлэг боловсрол дээр анхаарал хандуулж байгаа. Тийм учраас Монголын сүсэгтнүүд, Монголын лам хуваргууд та бүхэн бүгдээрээ өөрсдийн уламжлалт мэдлэг, боловсрол дээрээ анхаарал хандуулах нь чухал юм. Суралцахдаа учир шалтгааны үүднээс сонгодог зарчмаар суралцвал маш илүү чанартай болно оо. Ингээд лам хуваргууд сайтар суралцаж, өөрсдийн уламжлалт мэдлэг, боловсролоо сайтар эзэмшсэний дараагаар бусдад үүнийгээ сайн ойлгуулах хэрэгтэй. Үүн дотор ЕБС-ийн хүүхдүүдэд ч гэсэн энэ зүйлүүдийг зааж өгөх нь маш чухал байна. Тийм учраас монголчууд та бүхэн бүгдээрээ энэ бүгдийг сэтгэлдээ сайн хадгалаарай, сайн бодоорой. Ингэж чадвал маш гүн гүнзгий, өргөн дэлгэр, өөрсдийн өнө эртний уламжлалаа хадгалж чадаж байна гэсэн үг. Яг энэ цаг үед бид нар, цаг үетэйгээ нийцэж, олон хүмүүстэй зэрэгцэн үзэл бодлоо солилцох, өөрсдийн соёл уламжлалаа хадгалах ийм чадвар бий болно. Хэрвээ бид энэ бүгдийг сайн ойлгож чадвал бидний соёл, уламжлал маань орчин үеийн шинжлэх ухаантай нийцэж, орчин үеийн шинжлэх ухаантай хөл зэрэгцүүлэн явах боломж байгаа юм байна гэдгийг Та бүхэн ухаарч, ойлгож авах болно оо. Эх сурвалж: Д.Гансаруул (Өдрийн сонин)
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     293    0