Н.Энхбаяр ардчилалд яагаад заналхийлэх болов!

Намаа ч зарчихлаа, тамгаа ч тушаачихлаа. Н.Энхбаярын наймаа уг нь цэгцэрч байна. Авчиг түүний хүсэл шуналыг хангах нь Ардын намын зовлон болох биз. Алтан загасыг албат зарцаа болгоно гэж Д.Амарбаясгаланг айлгаж, сүрдүүлж чадах л хүн. Ямартай ч Н.Энхбаярт МАН гучин хувиа амалжээ. Төрхөмдөө буцаж ирсэн Н.Энхбаярын “дагавар хүүхдүүд”-ээс Удирдах зөвлөлд наймыг нь, Бага хуралд 110, нийслэл, аймаг, намын хорооны тэргүүлэгч гишүүнээр тус бүр зургааг томилохоор МАН тохирч. Харин өөрөө албан тушаал авахгүй, Үндсэн хуулийн шинэчлэлт дээр ажиллана гэжээ. Өөрийнх нь хэлсэн үг нь “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон шинэ Үндсэн хууль батлах нь хоёр өөр ойлголт. Бид бол шинэ Үндсэн хуулийн тухай ярьж байгаа. Түүн дотор хоёр танхимтай парламенттай байх, хууль шүүхийн байгууллагыг хараат бус болгох, байгалийн баялагийг ард түмэндээ өгөх зэргээр маш том зохицуулалтууд хийнэ. Тиймээс шинэ Үндсэн хуулийг батлах асуудлыг судалж, тавина. Хяналтыг сайжруулахын тулд парламентыг хоёр танхимтай болгох нь зөв”. Эндээс харахад Н.Энхбаяр ардчилсан Үндсэн хуулийг үгүй хийж, нийгмийн чиг баримжаатай Бүгд найрамдах улсыг байгуулах шинэ Үндсэн хуулийг батлах сонирхолтой байгаа юм байна. Бүр товчоор хэлбэл, парламентын засаглалыг устгаж, Ерөнхийлөгчийн засаглалыг залах эртний мөрөөдлөө Н.Энхбаяр эрх баригч МАН-ын оролцоо, дэмжлэгтэйгээр биелүүлэхээр шийджээ. Гэхдээ шалдан ноён үүнийг ганцаараа хийхэд сачий дутна. Н.Энхбаярын ард илүү том хүч байна гэж хардагдаж, харагдаж байгаа. Тэр ингэж ярьж байгаа нь эрх баригчидтай ийм яриа хэлэлцээр хийсэн гэсэн үг. Н.Энхбаяртай ийм тохиролцоотойгоор намынхаа 30 хувийг өгсөн бол энэ нь МАН-ын ч Монголын ч хувьд муугийн муу хувилбар. Үндсэн хуулийг өөрчлөх, шинэчлэхэд парламентын гуравны хоёрын дэмжлэг хэрэгтэй. Ийм дэмжлэг МАН-д хангалттай бий. Н.Энхбаярын хүүд бэлэглэж буй Сонгинохайрханы нэг суудлыг эс тооцвол УИХ-д МАН 61 суудалтай. Ц.Анандбазар шиг хүмүүсийн балгаар парламентын нэр хүнд улам унасаар байгаа энэ үед Н.Энхбаяр шинэ Үндсэн хуулийн тухай зүгээр ч нэг хэлээгүй биз. Тэр өмнө нь МАХН-ын дарга байхдаа шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулаад явж байсан хүн шүү дээ. Гэхдээ МАН-ын дарга У.Хүрэлсүх нэгэнтээ “Би эцэг хүний хувьд өөрийнхөө үр хүүхдүүдийг нэг хүний зурганд мөргөж амьдраасай гэж хэзээ ч хүсэхгүй. Бидний үр хүүхэд ардчилсан нийгэмдээ айх аюулгүй, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, эх орныхоо эрх чөлөөт эзэн нь байна гэдэгт би хатуу итгэдэг. Монгол Улс парламентын засаглалтай ардчилсан орон. Харин бид парламентын засаглалаа улам төгөлдөржүүлэх ёстой. Нэг хүний дарангуйлал руу хэзээ ч явж болохгүй. Хүн засагладаггүй, хууль засагладаг улс байх ёстой”-г амалсан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч засгийн 100 хоногийн төрсөн өдрийнхөө “арга хэмжээ”-ний үеэр цаашид сонгодог парламентын тогтолцоо руу явна гэдгээ ч хэлсэн. МАН-ын хоёр том албан тушаалтан арай ч ард түмнээ молигодчихгүй биз. Хоёр их гүрний дунд оршиж буй Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын баталгаа бол парламентын засаглал. Ганц хаантай байснаас 76 тэнэгтэйгээ үлдсэн нь дээр. Н.Энхбаярын хүсээд байгаа нийгмийн чиг баримжаатай Бүгд найрамдах улсыг байгуулах нь Монголын хувьд ухралт болно. Ерөнхийлөгчийн засаглал Монголд тохирохгүй. Ганц намын засаглалд Монголд тогтосон жилүүдэд улс төрийн хилс хэргээр 37 мянган хүнийг ялласан байдаг. Н.Энхбаяр эргээд энэ хүслийнхээ хохирогч нь болохгүй гэх газаргүй. Үйлийн үр буцах зам дээр нь тосч байдаг гэсэн үг бий. 2020 оны тавдугаар сарын 25-наас улс даяар дагаж мөрдсөн 2019 оны Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмсэн. Ингэснээр Ерөнхийлөгчийн засаглал руу гулсан орохоос сэргийлсэн арга хэмжээ болохыг МАН-ынхан тухайн үедээ тайлбарлаж байсан, одоо л Н.Энхбаярын үгэнд орчихгүй бол шүү дээ. Тэгээд ч 1992 онп 430 хүний баталсан Үндсэн хуульд Монгол Улс парламентын засаглалтай байна гээд заачихсан. Үүнийг ганц Н.Энхбаярын хүслээр өөрчилчихдөг ч юм биш байх. Ерөнхийлөгчийн засаглалтай болно гэдэг нэг хүн бүгдийг шийднэ гэсэн үг. Парламентын засаглалтай атлаа өнгөрсөн дөрвөн жилд Х.Баттулгын хонгилоор орсон 14 хүн улс төрийн хилс хэргээр ял үүрсэн. Улсаа Шанхайн ломбардад золтой л тавьчихаагүй. Тэр тусмаа хоёр хөршид авторитори дэглэм ноёрхож байгаа энэ үед муу сайн ч гэсэн 76 ухнаа сонгоод явж байх нь Монголд төдийгүй Н.Энхбаярт ч өлзийтэй юм даа6 Эх сурвалж: Ж.Нямсүрэн (news.mn)
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     415    0