Тамирчид Монголынхоо нэрээр олимпод оролцох эрхгүй болох уу?

Монголын үндэсний олимпийн хороо/МҮОХ/-ны ерөнхийлөгч, олимпийн аварга Н.Түвшинбаярын зодооны хэрэг сүүлийн хэдэн өдөр олон нийтийн анхаарлын төвд ороод байна. Өдгөө 36 настай түүний хувьд Монгол Улсад олимпийн анхны алтан медалийг авчирч, тамирчин хүний хувиар гаргаж болох бүхий л амжилтыг гаргасан.  Н.Түвшинбаярыг өнгөрсөн оны наймдугаар сард МҮОХ-ны ерөнхийлөгчөөр сонгож, олон улсад Монголыг төлөөлөх төлөөлөгч болгосон.

Харамсалтай нь, олон улсад улсаа төлөөлөх хүн нь гэмт хэрэгт холбогдож, Токиогийн олимпод оролцох Монголын баг тамирчид төрийн далбаагаа мандуулахгүй, төрийн дууллаа эгшиглүүлэхгүй байх эрсдэл үүсчээ.

Энэ талаар бид Монголын даамны холбооны хүндэт ерөнхийлөгч, “Олимпизмийг аврах хөдөлгөөн”-ий тэргүүн Ч.Бат-Эрдэнээс тодрууллаа. Тэрбээр “Олон улсын олимпийн хороо гишүүдээ эрүүгийн хэрэгт холбогдвол автоматаар түр түдгэлзүүлдэг. Дараа нь хэрэг нь шүүхээр шийдвэрлэгдэж, буруутай нь тогтоогдвол эрхийг нь хасна, торгоно. Харин буруугүй нь тогтоогдвол гишүүнчлэлийг нь сэргээдэг. Монголын үндэсний олимпийн хороонд ч гэсэн олон улсын олимпийн хороонд үйлчилдэг дүрэм л үйлчилнэ. МҮОХ-ны ерөнхийлөгчийн хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл түр түдгэлзэх ёстой. Хэрэв гэм буруугүй бол ажлаа үргэлжлүүлэн хийх эрхтэй.

Гэхдээ нэг ноцтой зүйл байгаа нь энэ хүн чинь хувь хүн боловч МҮОХ-г толгойлдог хүн. Иймээс олон улсын олимпийн хороо Монголын гишүүнчлэлийг түр түдгэлзүүлж магадгүй асуудал үүсээд байна.

Бүхэл бүтэн улсыг төлөөлж буй хүн гэж ойлгох хэрэгтэй. Манай улсын олимпийн хороо дотроо арга хэмжээ авч, энэ асуудлыг нэг тийш нь шийдэхгүй бол улсаар нь түдгэлзүүлнэ гэсэн үг. Одоо үүсээд буй хэрэг дээр тухайн хүн нь гэм буруутай гэж тогтоогдвол олимпийн хөдөлгөөний нэр төрд халтай асуудал. Монголын гишүүнчлэлийг түр түдгэлзүүлсэн тохиолдолд олон улсын олимпийн хорооноос ирэх бүхий л тусламж, дэмжлэг, санхүүжилт зогсоно. Мөн Монголын баг тамирчид олимпод оролцох эрх нь нээлттэй боловч Монголын төрийн дуулал, төрийн далбаагаа ашиглах эрхгүй болно. Оросыг санаж байгаа бол тамирчид нь ирэх олимпод Оросын олимпийн баг гэх нэрэн дор оролцоно” гэв.

"ОЛИМПИЙН ХОРОО ТАЙЛБАР ӨГӨХӨӨС ТАТГАЛЗАВ"

Дээрх асуудалтай холбогдуулан МҮОХ-той холбогдоход “МҮОХ-ны Ерөнхийлөгчтэй холбоотой мэдээллийн талаар холбогдох хуулийн байгууллагууд хууль журмын дагуу шалгаж, эцсийн шийдвэрийг гарах хүртэл та бүхэнд тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн хариултыг өглөө.

Беларусийн үндэсний олимпийн хороонд ч гэсэн Монголтой адил нөхцөл байдал үүссэн. Хэрэг явдлыг эргэн сануулвал, тус улсын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Виктор Лукашенко тамирчдаа улс төрийн үзэл бодол, үнэмшлээр нь ялгаварлан гадуурхаж, цагдан хорьсон хэрэг гарсан.

Беларусийн нэр бүхий тамирчид улсынхаа ерөнхийлөгчийн сонгуулийг будилаантай болсон хэмээн үзэж, тайван жагсаалд оролцож, үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө Виктор Лукашенко тэднийг хавчин боосон юм.

Үүнийх нь төлөө олон улсын олимпийн хороо Беларусийн үндэсний олимпийн хорооны гишүүнчлэлийг түр түдгэлзүүлж, Виктор Лукашенкогийн олимпизмийн салбарт ажиллах эрхийг бүх насаар нь хассан билээ. Мөн Беларусийн хоккейн холбооны ерөнхийлөгч, Беларусийн үндэсний олимпийн хорооны гишүүн Дмитри Басков тайван жагсаалд оролцсон зураач Раман Бандаренкаг зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан нь тогтоогдож, олон улсын олимпийн хороо түүнд мөн хориг тавьж байлаа. Олон улсын олимпийн хороо Беларусийн гишүүнчлэлийг түр түдгэлзүүлсэн учраас тус улсад өгөх санхүүжилтээ зогсоогоод байгаа бөгөөд тус улсын засгийн газрын эрх мэдэлтнүүд ирэх Токиогийн олимпод оролцох эрхгүй болсон. Хэрэв дотоодын үүсээд буй асуудлаа зохицуулж чадахгүй, шинээр ерөнхийлөгчөө сонгохгүй бол Беларусийн тамирчид олимпийн наадамд улсынхаа төрийн далбаа, дууллыг ашиглах эрхгүй болох ажээ.

Монгол Улсын хувьд  МҮОХ-ны ерөнхийлөгчийн асуудлаар тодорхой шийдвэр гаргах, яаралтай арга хэмжээ авахгүй бол олимпийн хороо хариу арга хэмжээ авах, хориг тавиад эхэлбэл Монголын далбаа Токиогийн тэнгэрт мандахгүй, төрийн дуулалаа эгшиглүүлж чадахгүй нөхцөлд хүрснийг мэргэжлийн хүмүүс онцолж байна.

Эх сурвалж: Б.Мөнгөнтамир (news.mn)

Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     100    0