А.БААТАРХУЯГ: ЦЭЦЭД НӨЛӨӨЛЖ ОДООГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭР ДЭВШИХ ЭСЭХ АСУУДЛААР МАРГААН ҮҮСГЭСЭН

-Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт хийсэн. Нэгэнт Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт хийсэн юм бол дэвших эсэх тухай асуудлыг янз бүрээр тайлбарлаж болохгүй юм. Угаасаа л Үндсэн хууль дээрээ Ерөнхийлөгчийг нэг удаа сонгодог байх заалт бий. Бүх хүмүүс нэг удаа нэр дэвших эрхтэй гэж тайлбарлаад байгаа шүү дээ.

Сэтгүүлч А.Баатархуягтай ярилцлаа.


-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар Цэц дээр маргаан үүссэн. Товчхондоо, Цэц дээр одоогийн Ерөнхийлөгч нэр дэвших эрхтэй юү, үгүй юү гэдэг асуудлаар маргаан үүсээд байгаа. Та энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

-Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт хийсэн. Нэгэнт Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт хийсэн юм бол дэвших эсэх тухай асуудлыг янз бүрээр тайлбарлаж болохгүй юм. Угаасаа л Үндсэн хууль дээрээ Ерөнхийлөгчийг нэг удаа сонгодог байх заалт бий. Бүх хүмүүс нэг удаа нэр дэвших эрхтэй гэж тайлбарлаад байгаа шүү дээ. Энэ улсын гурван сая иргэнээс нэг хүн нь л нэр дэвших эрхгүй гэсэн заалт оруулаагүй байлгүй дээ. Яахав, ийм асуудлыг яриад байгаа нь улс төрийн явуулга л даа. Бид үүнийг мэдэж л байгаа. Мөнгөөр бүхнийг захирч болно гэдэг нөхдүүд ийм юм хийж байгаа, ингэж болохгүй. Үндсэн хууль гэдэг хулгайч нарын оролцдог ч юм биш. Үндсэн хуульд бүгд нэр дэвших эрхтэй гээд заачихсан, түүгээрээ л байна.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн ажлын хэсэгт ажиллаж байсан зарим хуульчдын зүгээс одоогийн Ерөнхийлөгчийг дахин нэр дэвших эрхгүй гэж тайлбарлаад байгаа шүү дээ.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлахдаа бүх ард түмнээрээ хэлэлцсэн гэж нөхдүүд худлаа ярьсан шүү дээ. Энэ асуудлыг үнэхээр маргаан гэж үзэх юм бол Үндсэн хуулийг баталж байхад хүмүүсийн хэлсэн үг, юу гэж ойлгох уу, яах вэ гэдэг талаарх тэмдэглэлийг гаргаж үзээд л болоо. Үндсэн хуулийн Цэц нэг хүнд зориулж шийдвэр гаргадаг байгууллага биш. Үндсэн хуулийг сахиж, мөрдөх тухай асуудлыг л гаргаж тавьдаг Дээд шүүх юм. Яг амьдрал дээр бодоод үзэх хэрэгтэй. Нэг хүн нэр дэвшиж болохгүй, бусад гурван сая гаруй хүн нь нэр дэвшиж болно гэсэн тийм хууль байж болохгүй биз дээ.

-Цэц маргаан үүсгэсэн нь өөрөө буруу, нөгөө талдаа үүсгэх ёстой гэх зэргээр ярьж байна л даа. Үүнд та юу хэлэх вэ?

-Цэц дээр мэдээлэл ирэх үед нь нэг нөхөр л хүлээгээд авчихсан юм билээ. Яахав дээ, ямар нэгэн нөлөөлөл ороод л, маргаан үүсгэнэ гээд авчихгүй юу. Цэцийн зүгээс нэгэнт Үндсэн хуульд бүх хүн нэр дэвших эрхтэй гээд заачихсан учраас бид энэ асуудлыг хэлэлцэх ёсгүй гэж байгаа. Өөрөөр хэлбэл, бүгдээрээ дэвших эрхтэй л гэсэн үг юм. Яг үнэндээ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгч нэг удаа нэр дэвших эрхтэй гэж заасан юм чинь өмнөх бүх Ерөнхийлөгч нэр дэвших эрхтэй. Ц.Элбэгдорж, Н.Багабанди, Н.Энхбаяр ч нэр дэвшиж болно.

-Цэцийн шийдвэрт нөлөөлж маргаан үүсгэлээ гэж байна. Яаж нөлөөлсөн гэсэн үг вэ?

-Мөнгө. Мөнгө л нөлөөлж байна.

-Цэц хэнээс ч хараат бус байх ёстой биз дээ. Хэн тэгж нөлөөлөөд байгаа юм бэ?

-Цэцийн дээр хөх тэнгэр байдаг гэдэг ч мөнгөөр бороо оруулах гээд үзээд байна л даа. Улс төрийн нөлөө орж байгаа хэрэг. Хэрвээ Ардчилсан Үндсэн хуулийг улс төрийн нэг хүчин, эсвэл нэг хулгайч дураараа, өөрийнхөөрөө тайлбарлаад байх юм бол цаашдаа энэ улсад дэг журам гэж байхгүй болно. Учир нь Үндсэн хууль гэдэг нийтээрээ хоорондоо ярьж тогтоод дагаж, мөрдөхөөр тогтсон бидний дундын дүрэм юм. Үүнийг хэн нэгэн хуульч, УИХ-ын гишүүн ч зохиодог юм биш. Ерөөсөө Монголын ард түмэн ярилцаж байгаад энэ дүрмээр явна шүү гэсэн л ойлголт юм. Дэлхийн бүх л ардчилсан улс ингэж л явж байгаа. Бүх ард түмний үүрэг зорилгыг хэн нэгэн нөхөр хулгай хийчихээд хулгайгаа далдлахын тулд тайлбарлаад байх юм бол Латин Америк, Африкийн улсад болдог шиг л хогийн зүйл болно. Тэр зам руугаа л орж байгаагийн шинж.

-Тэгвэл Цэц хэзээнээс ингэж бусдын нөлөөнд автдаг болчихов?

-Үндсэн хуульд орсон дордуулсан гэгддэг долоон өөрчлөлтөөс хойш шүү. Тухайн үед бид ч зөндөө бичиж байсан. Тухайн үеийн Ерөнхийлөгч ч хэлж байсан. Энэ дордуулсан долоон өөрчлөлт Үндсэн хуулийг минь баллаж байна гэдгийг хэлж, ярьж л байсан. Гэтэл дордуулсан өөрчлөлтийг дээрдүүлэх гэж байгаа нь энэ гээд бүр дордуулчихлаа. Эхлээд шинэ Үндсэн хууль гэх зэргээр зөндөө сурталчилсан. Тийм биш, та бүхэн зөвхөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт л хийх гэж байгаа биз дээ гэсэн, сүүлдээ нэмэлт, өөрчлөлт гэдэг зүйл болгоод бантан хутгасан. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөс хойш өөдөө гарсан нэг ч зүйл алга. Бүх зүйлийг будлиантуулаад самраад хаячихлаа.

-Нөгөөтэйгүүр Ерөнхийлөгч Цэцийн даргатай уулзсан нь хэр зөв үйлдэл юм бэ?

-Үндсэн хуулийн Цэц болоод бусад байгууллагууд хоорондоо уулздаг, ярих янз бүрийн асуудлуудтай. Гагцхүү Ерөнхийлөгч “Та миний асуудлыг тийм байдлаар шийдээрэй” гэж хэлсэн тохиолдолд асуудал үүснэ. Түүнээс Үндсэн хуулийн Цэцийн дарга угаасаа л Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүдтэй уулзаад л явж байдаг шүү дээ. Би ч гэсэн ороод уулзаад л гардаг. Ганц аяга цай уугаад ном товхимол, зарим зүйлсийн талаар санал солилцдог. Тэгэхээр ийм зүйл байж болохгүй гэсэн үг үү.

-Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирчихлээ. Х.Баттулга дахин нэр дэвших үү, үгүй юү гэдэг нь маргаантай хэвээр л байна. Ер нь цаашдаа үйл явдал хэрхэн өрнөх гээд байна вэ?

-Бүх хүн л тийм хүлээлттэй байна. Цэц энэ асуудлыг хүлээж авахгүй гэж шийдсэн. Тэр утгаараа Х.Баттулга нэр дэвших эрхтэй л гэсэн үг. Гэтэл өнөөдөр нам нь хоёр хуваагдчихсан байж байна. Энэ бол холбоотой, зүй тогтолтой үйл ажиллагаа юм. Манай нийгэм чинь бүтэн том систем. Энэ систем дотор Х.Баттулга гэдэг хүнийг дэвшүүлэхгүй гэсэн хоорондын уялдаатай үйл ажиллагаанууд явагдаж байгаа. Үүнийг бүгд л харж байна. Х.Баттулга гэдэг хүн энэ нийгмийг захирч, жанжилж, хулгайлж, хумсалж байсан цөөнгүй хүнийг торны цаана хийчихээр нөгөөдүүл нь яаж дуртай байх билээ дээ. Мөнгөний засаглал тогтоож байгаагийн шинж л дээ. Нөгөөдүүл нь мөнгөөр дамжиж дураараа аашлах гэсэн л арга. Энэ дунд орсон улстөрчид гэх өнгөрсөн 30 жилийн булхайг хийлцсэн хүмүүс ийм балиар юм хийж эхэлж байгаа юм. Нэр дэвших эсэх асуудал дээр маргаан бол байхгүй. Гагцхүү энэ улсад мөнгөний засаглал цаашдаа байх уу, үгүй юү гэдэг асуудал яригдаж байна гэж л харах ёстой.

-Ардчилсан нам өөрөө ингэж хагарч, бутарч, хүмүүсийн яриад байгаа шиг эрх баригчдын хатгааст ороод байгаа нь ямар учиртай юм бэ?

-Ардчилсан нам өөрөө биш. Ардчилсан нам дотор нэр бүхий этгээдүүд гэж хэлэх хэрэгтэй. Ардчилсан намын бүх гишүүд Монгол Ардын намын бодлогын төлөө гүйгээд байгаа зүйл энд байхгүй. Зөвхөн Эрдэнэ гэдэг хүн. Тэрээр улсад хуучин элеватор 11 тэрбум төгрөгөөр шахсан хэрэгтэй юм байна. Анзаарсан бол хэргийг нь хэрэгсэхгүй болгох шийдвэр гарсан. Уг мэдээлэл гарангуут Ардчилсан намынхан асуудлаа шийдье гээд ажлын хэсэг байгуулангуут маргааш нь прокурор дээрээс С.Эрдэнэ гэдэг хүний хэргийг сэргээчихсэн. Гэтэл С.Эрдэнэ буцаад л намаа үймүүлэх ажлыг хийж эхэлсэн. Энэ бол хүн бүрийн нүдэнд ил байгаа улс төрийн явуулга. Тэгэхээр намд буруу өгч болохгүй.

 

Эх сурвалж: О.Ариунцэцэг (dnn.mn)

Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     121    0