“Рио Тинто”-гийн төлөөлөгчид Монголд ирж, хэлэлцээ хүлээгдэж байна

Монгол Улсын Засгийн газар “Рио Тинто” компанитай энэ долоо хоногт хэлэлцээрийн ширээний ард сууна. Үүнтэй холбоотойгоор тус компанийн Зэсийн группийн захирал Б.Болд тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад ирж, Covid-19-ийн нөхцөл байдлын улмаас тусгаарлалтад ороод байгаа бөгөөд “Рио Тинто” компани, Засгийн газар хоорондын яриа хэлэлцээ энэ долоо хоногийн сүүлээр эхлэх мэдээллийг албаны эх сурвалж өглөө.

Оюутолгойн гэрээг сайжруулах Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар сайд өнгөрсөн Баасан гариг (2021.03.26)-т Оюутолгойн хэлэлцээг гурван үе шаттай хийхээр удирдамжийн төсөлд тусгасан талаараа мэдээлсэн. Түүний хэлснээр, Ажлын хэсэг нэгд, далд уурхайн бүтээн байгуулалт (Дубайн)-ын төлөвлөгөөг цуцлах, хоёрт, татварын маргааныг эцэслэн шийдвэрлэх, гуравдугаарт, 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээнээс хойш хийгдсэн нийт гэрээ, хэлэлцээрүүдэд нэмэлт, өөрчлөлт оруулахаар төлөвлөжээ.

Засгийн газрын Ажлын хэсэг байгуулагдсан цагаасаа хойш олон удаа хуралдаж, өнгөрсөн Бямба гариг (2021.03.27)-т хэлэлцээ хийх асуудлаар саналаа нэгтгэжээ. Улмаар энэ долоо хоногт болох Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар удирамжаа батлуулах юм байна.

Сангийн сайд Б.Жавхлан Оюутолгойн гэрээнд зайлшгүй өөрчлөх ёстой зүйлс бийг дурдаад, Дубайн төлөвлөгөөг өөрчлөх ёстой гэдэг дээр нэгдмэл байр суурьтай байгаагаа илэрхийлсэн.

Хөрөнгө оруулагч тал анх Оюутолгойн далд уурхайн зардлыг 5.3 тэрбум ам.доллараар төсөвлөж, “Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”-г батлуулсан. Гэвч далд уурхайн бүтээн байгуулалтын зардал төлөвлөснөөс 30 орчим хувь буюу 1.45 тэрбум ам.доллараар өсч, 6.75 тэрбум долларт хүрсэн. Далд уурхайн олборлолт жигдрэх хугацааг 2021 оны нэгдүгээр сар гэж төлөвлөгөөндөө тусгасан нь 22 сараар хойшилж, 2022 оны аравдугаар сараас эхлэх болсныг мэдэгдсэний улмаас Монголын талын авах татвар, ногдол ашиг хойшлох байдлаар хохиролтой тусахыг эдийн засагчид хэлж буй юм.

Засгийн газар төслийн менежмент, худалдан авалтын алдаанаас болсон байж болзошгүй гэсэн мэдээллийг анхааралтай судалсны дүнд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Рио Тинто” компанид албан бичиг хүргүүлсэн билээ. Тус албан бичигт зардал хэтэрсэн шалтгааныг хөндлөнгийн шинжээчдээр дүгнэлт гаргуулах нь зүйтэйг цохон тэмдэглэсэн.

Монгол Улсын Засгийн газар зардлын хэтрэлттэй санал нийлэхгүй байгаа бөгөөд үүнд менежмент, худалдан авалтын алдаа гарсан байж болзошгүй тухай санал тавьсан байна. Энэ саналыг хэрэгжүүлэхийн тулд "Оюутолгой"-н ТУЗ-өөс тусгай хороо байгуулан ажиллах нь зүйтэй гэсэн асуудлыг (2020.11.30) шийдвэрлэж, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хангуулах хөндлөнгийн шинжээч томилж ажиллуулахаар тогтжээ.

Хэлэлцээ хийх ажлын хэсгийн ахлагч, сайд Х.Нямбаатар "Рио Тинто” компанийн эзэмшдэг “Туркойз хилл”-ийн жижиг хувьцаа эзэмшигчид Нью-Йоркийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тэдний нэхэмжлэлийн дагуу "Оюутолгой" төсөл дээр ажиллаж байсан нэр бүхий 12 ажилтнаар гэрчийн мэдүүлэг өгүүлж, далд уурхайн зардал хэтэрсэн бодит шалтгааныг "Рио Тинто" нуун дарагдуулсан гэсэн асуудлыг хөндөн тавьсан, одоо асуудал яригдаж байна" хэмээн мэдээлсэн юм.

“Рио Тинто” компанийн хувьд зардал хэтэрч, хугацаа хойшилсон шалтгааныг геологийн нөхцөл хүндэрсэнтэй холбон тайлбарладаг. Зарим гэрч нэлээн ноцтой мэдүүлгүүд өгчээ. Тухайлбал, 2012 оноос хойш "Рио Тинто" компани "Оюутолгой" төслийн геологи, геотехникийн нөхцөл байдлыг мэдэхийн дээдээр мэдэж байсан. "Геологийн хүндрэл гэдэг бол худал яриа юм" гэсэн мэдүүлэг өгсөн байна.

Энэ асуудалтай холбогдуулж хөрөнгө оруулагчдад хувьцааны ханшид нөлөөлж болзошгүй мэдээллийг цаг тухайд нь өгөөгүй нуун дарагдуулсан, Үнэт цаасны хорооны холбогдох журмыг зөрчсөн гэдэг асуудлаар АНУ-ын Үнэт цаасны зохицуулах хороо болон Их Британийн Санхүүгийн зах зээлийн алба болон Санхүүгийн ноцтой гэмт хэргийн албанаас хяналт шалгалтын ажиллагааг эхлүүлсэн тухай мэдээлэл Ажлын хэсгийнхэн авчээ.

Засгийн газар эдгээр байгууллагуудтай хамтран ажиллаж, харилцан мэдээлэл солилцож буй юм байна. Үүнтэй холбогдоод далд уурхайн бүтээн байгуулалтын зардал хөрөнгө оруулагчийн алдаатай үйл ажиллагаанаас болж өссөн тохиолдолд яриа хэлэлцээний шатанд хөрөнгө оруулагчтай хариуцлагын асуудлыг хөндөж тавих нөхцөл байдал үүсчээ.

Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулъя гэдэг саналыг Ажлын хэсгээс Ерөнхий сайдад танилцуулахаар болжээ. Улмаар Ажлын хэсэг УИХ-ын 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах үүднээс “Рио Тинто”-гийн төлөөлөлтэй хэлэлцээгээ албан ёсоор эхлүүлэх нь.

Ирэх зургадугаар сард хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт гарах юм байна. Өдгөө АНУ, Их Британийн Санхүүгийн зохицуулах хорооны холбогдох хяналт шалгалтууд давхар хийгдэж байгаа аж. Эдгээр байгууллагууд дүрмийн дагуу жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах үндсэн чиг үүргийн үйл ажиллагаа явуулж буй бөгөөд Монгол Улсын Засгийн газарт нааштай шийдвэр гарахуйц эхний мэдээллүүд гарч эхэлжээ.

Ажлын хэсэгт УИХ-ын цөөнгүй гишүүн байгаа ч "Оюутолгой" төсөлтэй холбоотой саналаа албан ёсоор өнөөдрийг хүртэл гаргаж өгөөгүй байгаа юм байна.

“Оюутолгой” ХХК  татварын актаар ногдуулсан 649.4 тэрбум төгрөгийг төлсөн ч хөрөнгө оруулагч тал татварын асуудлаарх нэхэмжлэлээ Арбитраас татаагүй, тус шүүхийн маргаан 2022 оны намар шийдвэрлэгдэх магадлалтай байгаа ажээ.

 

Эх сурвалж: Д.Эрдэнэтуяа (news.mn)

Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     164    0