Ерөнхийлөгчийн сонгууль угтсан улс төрийг Цэц дэнсэлнэ

Үндсэн хуулийн Цэцийн дээр хөх тэнгэр л бий гэдэг ч улстөрчид, нам, эцэстээ Ерөнхийлөгч байдаг уу гэдэг эргэлзээ сүүлийн өдрүүдийн улстөрийг халууруулж байна. Цэц Үндсэн хуульд нийцүүлж аливаа шийдвэрээ гаргах зарчимтай. Гэхдээ Үндсэн хуулийн Цэц Үндсэн хуульд захирагдаж байна уу эсвэл улстөрчид, улс төрийн намд захирагдаж байна уу гэж эргэлзэх хүн олон болжээ.

Хамгийн сүүлд Үндсэн хуулийн Цэцийн Бага суудлын хуралдаан болсон, болоогүй гэх маргаан Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдож үүсэв. Эрх баригч МАН Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа “Ерөнхийлөгч 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилээр зөвхөн нэг удаа сонгоно” гэх заалтыг оруулж өгсөн. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн.  Мэдээж эрэх баригч МАН-д Ерөнхийлөгч Х.Баттулгыг нэр дэвшүүлэх хүсэлгүй. Харин Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвших хүсэлтэй. Тэдний аль алиных нь хүсэл биелэх эсэхийг Үндсэн хуулийн Цэц дэнслэхээр ийн маргаан дагуулаад байна.

Өөрөөр хэлбэл, одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжтой, боломжгүй гэх асуудал маргаантай байсан учраас дөрвөн ч иргэн Үндсэн хуулийн Цэцэд мэдээлэл хүргүүлсэн байдаг.

Үндсэн хуулийн Цэцийн Бага суудлын хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан хүмүүс 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эсэх асуудлаар иргэд мэдээлэл гаргасныг Цэцийн гишүүн Д.Солонго хүлээн авч, маргаан үүсгэх шийдвэр гаргасан. Үүнийг нь Цэцийн Бага суудлын хуралдаанаар хэлэлцэж, маргаан үүсгэх эсэхийг хэлэлцэх хурлын шийдвэр гараагүй байгааг Цэцээс мэдээлж буй. Тодруулбал, анхны Бага хуралдаанаас Цэцийн гишүүн Д.Солонгын гаргасан маргаан үүсгэх шийдвэрийг хүчингүй болгосон гэж Ерөнхийлөгч Х.Баттулгын тал үзсэн. Харин Цэцээс үүнийг үгүйсгэж, Бага хурал шийдвэр гаргаагүй, үргэлжилж хуралдана гэдгийг мэдээлэв. Үндсэндээ эхний хуралдаан Д.Солонгын маргаан үүсгэх шийдвэрийг хүчингүй болгосон гэж Ерөнхийлөгч Х.Баттулгын талынхан мэдээлж, түүнийг 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжтой хэмээн пи-ардсан.  Бага суудлын анхны хуралдаанд гурван Цэцийн гишүүн оролцох ёстойгоос нэг нь санал нэгдэлгүйгээр хурлыг орхин гарч, нөгөө хоёр нь шийдвэрээ албажуулсан гэж тайлбарлаж буй.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир болон Ерөнхийлөгчийн зөвлөхүүд нийлж, мэдээлэл хийсэн. Тэдний зүгээс Бага суудлын хуралдаанд гурван гишүүний ирцтэйгээр эхэлж, нэг гишүүн нь санал зөрж хуралдааныг орхисон үйлдэл нь буруу гэдгийг тайлбарласан.

Энэ талаар хуульч А.Эрдэнэцогт “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт “Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх эсэх талаархи Цэцийн гишүүний шийдвэрийг маргагч талууд буюу Цэцийн аль нэг гишүүн эс зөвшөөрч гомдол, санал бичгээр гаргасан бол Цэцийн даргын тогтоолоор томилсон З гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдаанаар хянан хэлэлцэж, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх эсэхийг шийдвэрлэж магадлал гаргана” гэж заасан. Үндсэн хуулийн Цэцийн Бага суудлын хуралдаан энэ заалтын дагуу явагджээ” гэсэн тайлбарыг өгсөн юм. Харин Үндсэн хуулийн Цэцийн зүгээс энэхүү хуралдаан дахин үргэлжилнэ, хэзээ товлогдож, хуралдах нь тодорхойгүй байна гэдгийг онцолсон юм.

Үүнтэй зэрэгцэн Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Ш.Цогтоо, Д.Солонго нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан Улсын дээд шүүхээс Ж.Эрдэнэбулганыг Цэцийн гишүүнээр томилох саналыг УИХ-д хүргүүлж, өнгөрсөн Баасан гаригт томилсон юм. Ингэхдээ бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон Цэцийн гишүүн Ш.Цогтоогийн оронд томилсон юм. Гэвч Баасан гаригт Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын Ж.Эрдэнэбулганыг томилсон тогтоолд хориг тавихаа мэдэгдсэн.

Үндсэн хуулийн Цэцийн дээр хөх тэнгэр л оршино хэмээдэг. Угтаа бол улстөрчид, улс төрийн нам эсвэл санал болгож томилсон бүхэн Үндсэн хуулийн Цэцэд өөр олон малгай “өмсгөх”-ийг оролдож, тэр нь Цэцийн шийдвэрт нөлөөлж болохгүй. Цэц, Цэцийн шийдвэр эрх баригч намд ч Ерөнхийлөгчид ч “үйлчлэх”, аливаа шийдвэрээ нөлөөллөөс ангид байлгах тангарагтай. Гэхдээ тэд тангарагтаа үнэнч байх уу эсвэл 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль угтсан улс төрд “оролцох” уу гэдэг анхаарлын төвд байна.

Цэц бол Үндсэн хуулийн шүүх!

Эх сурвалж: Ш.Оюунчимэг (news.mn)

Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     154    0