ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА НЭР ДЭВШИХ ЭРХТЭЙ ГЭЖ ЦЭЦ ЭЦЭСЛЭН ШИЙДВЭРЛЭЛЭЭ

Улсын Их Хурлын гишүүн, ХҮН-ын дарга Т.Доржханд, уг намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Үүрцайх нарын нэр бүхий иргэд УИХ-аас 2020 оны 12 дугаар сарын 24-ны өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд “өмнө Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан иргэнийг бүртгэхгүй байх” шаардлагыг тусгалгүй орхигдуулсан нь Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.” гэсэн заалтыг зөрчсөн гэдэг мэдээллийг Үндсэн хуулийн цэцэд гаргаад байсан юм.

Т.Доржханд, Д.Үүрцайх нарын нэр бүхий иргэдийн мэдээллийг Цэцийн гишүүн Д.Солонго хүлээн авч маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэнийг хэвлэлүүдээр мэдээллэж байсан. Үүнтэй холбоотойгоор хуульчдын дунд хүчтэй маргаан өрнөсөн нь саяхан. Тухайлбал Цэц аливаа хуулийн батлагдсан үг, өгүүлбэр Үндсэн хуульд нийцэж байна уу, үгүй юу гэдгийг хянах эрхтэй болохоос хуульд орох ёстой байсан ийм үг, өгүүлбэрийг орхисон байна гэдэг маргааныг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй, энэ төрлийн маргаан нь Цэцийн харьяалал, эрх хэмжээнд хамаарахгүй гэдэг үндэслэл тайлбарыг хууль зүйн салбарын олон эрдэмтэд, судлаачид хийсэн байдаг.

Тэгвэл уг асуудлаар Цэцийн гишүүд мөн байр суурь зөрөлдсөн байна. Тодруулбал Т.Доржханд, Д.Үүрцайх нарын нэр бүхий иргэдийн мэдээллийн дагуу маргаан үүсгэсэн Цэцийн гишүүн Д.Солонгын шийдвэрийг Цэцийн өөр нэг гишүүн эс зөвшөөрч Цэцийн бага суудлын хуралдаанаар нягтлан хэлэлцүүлэх санал гаргасан байна.

Цэцийн нэг гишүүн нь маргаан үүсгэж, нөгөө гишүүн нь эсэргүүцсэн ийм тохиолдолд Цэцийн дарга өөр 3 гишүүнээс бүрдсэн бүрэлдэхүүнийг томилж бага суудлын хуралдаанаар шийдвэрлүүлдэг хуультай аж. Үүний дагуу Цэцийн дарга Н.Чинбат Д.Одбаяр, Ш.Цогтоо, Ц.Нанзаддорж нарын гишүүдээс бүрдсэн бүрэлдэхүүнийг томилжээ.

Дээрх бүрэлдэхүүн өнгөрсөн баасан гарагт 10 цагаас Цэцийн бага суудлын хуралдаанаа хийж эхэлсэн боловч тухайн өдөржин хуралдаад нэгдсэн шийдэлд хүрэлгүй түр завсарлаж, өнөөдөр /2021.03.22/ 10:00 цагаас Бага суудлын хуралдаанаа үргэлжүүлж, маргааныг эцэслэн шийдвэрлэсэн байна. Цэцийн бага суудлын хуралдаанаас Т.Доржханд, Д.Үүрцайх нарын нэр бүхий иргэдийн мэдээллийн дагуу маргаан үүсгэсэн Цэцийн гишүүн Д.Солонгын шийдвэрийг хүчингүй болгож, Ерөнхийлөгч Х.Баттулга ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхтэй болохыг тогтоосон шийдвэр гарчээ.

Маргаан үүсгэсэн нь зөв эсэхийг тогтоодог Бага суудлын хуралдаанаас магадлал гардаг бөгөөд энэ нь давж заалдах боломжгүй эцсийн шийдвэр байдаг гэдгийг эх сурвалж мэдээллээ.

Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     89    0