Ж.Чинбүрэн: Вакцины асуудлыг улстөржүүлж болохгүй

Манай улс “COVID-19”-ийн эсрэг дөрвөн төрлийн вакциныг оруулж ирж, хүн амынхаа 60 хувийг эхний ээлжид хамруулахаар төлөвлөөд байгаа билээ.

ДЭМБ-аас зөвшөөрсөн AstraZeneca вакциныг оруулж ирэх ажлыг эхлүүлж, энэ сарын 23-наас иргэдээ вакцинжуулахаар төлөвлөсөн болохыг Эрүүл мэндийн сайд онцолсон. Вакцинжуулалтын бүх зардал, төсвийг баталж, шийдсэн бөгөөд хадгалалт, тээвэрлэлтийн ажлыг эхлүүлсэн болохыг Ерөнхий сайд мэдэгдсэн. Тэгвэл вакцинтай холбоотой худал, ташаа мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархаж байгаа нь иргэдийн дунд эргэлзээтэй олон асуудлыг үүсгээд байна. Үүнтэй холбоотойгоор цахим орчинд өрнөсөн хэлэлцүүлгийн үеэр иргэдээс тавьсан вакцинтай холбоотой асуултуудад Засгийн газраас байгуулсан вакцин оруулж ирэх ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн хариулт өгчээ.Энэ үеэр тэрбээр вакцины асуудлыг улстөржүүлж болохгүй гэдгийг сануулав.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн “Вакцины асуудлыг улстөржүүлж болохгүй. Дэлхий дээр хоёр төрлийн халдварт өвчнийг вакцинаар устгасан байдаг. Манай улс умайн хүзүүний хорт хавдрын эсрэг, хөхөнцөр вирусийн эсрэг вакциныг “Үргүй болгодог” гээд бослого гаргаад сүйд болж байсан жишээ бий.

Үүний үр нөлөөгөөр одоо хүртэл манай улс хөхөнцөр вирусийн эсрэг вакцинаа хийж чадахгүй явсаар жил бүхэн 160-аад эмэгтэйгээ умайн хүзүүний хорт хавдраар алдаж, 400-450 эмэгтэй энэ өвчнөөр өвчилж байна. Тиймээс буруу мэдээлэл тарааж, эсрэг байх улс төрийн сэдэв вакцин биш шүү гэдгийг хэлмээр байна” гэжээ.

М.Энхцэцэг

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     123    0