Эрдэмтэд коронавирусын эсрэг вакцин “хуучрах” эрсдэлтэйг анхааруулаад эхэллээ

Түүнчлэн, хүний дархлааны нөлөөгөөр вирус нь цаашид ч мутацид орж хувирч өөрчлөгдсөөр байх эрсдэл байгааг ч эрдэмтэд үгүйсгэхгүй байгаа юм.

Хөрвүүлж, боловсруулсан О.Анар

2021 оны хоёрдугаар сарын 15.

 

Коронавирусын эсрэг вакциныг дэлхийн улс гүрнүүд үйлдвэрлэж эхлээд байгаа ч “COVID-19”-ийн шинэ омог гарч ирснээс үүдэн цаг хугацааны хувьд “хуучирч” хэрэглээнээс гарах магадлалд хүрээд байгаа юм байна. Энэ талаар Сент-Луис дахь Вашингтоны Их Сургуулийн вакцин судлаач Майкл Кинч мэдээлснийг “Блүүмберг” (Bloomberg) агентлаг өчигдөр буюу  хоёрдугаар сарын 13-нд иш татан мэдээллээ.

Мэргэжилтний хэлснээр бол эмийн үйлдвэрлэгчид одоогийн нөхцөлд вакциныг шинэчлэн сайжруулах багаж хэрэгсэлтэй байгаа хэдий ч цаашид коронавирусын шинэ омог төрөл бий болж байгаагаас үүдэн тэдэнд өөр арга барил, өөр тоног төхөөрөмж шаардлагатай болж байгааг онцоллоо.

Вакцин судлаач Майкл Кинчийн хийсэн энэ дүгнэлттэй Оксфордын Их Сургуулийн тэргүүлэх судлаач Эндрю Поллард мөн санал нэг байгаагаа илэрхийлэв. Вакцин үйлдвэрлэгчид вирусын янз бүрийн омог, төрлүүдийг эсэргүүцэх чадвартай төгс хувилбарын эрэлд гарсан талаар ярьсан байна. Ойрын хугацаанд дэлхий даяар коронавирусын чухам ямар шинэ омог, төрөл, мутацид орсон хэлбэр бий болж тархахыг одоогоор хэлэх боломжгүй нөхцөл байдалд байгаа аж.

Түүнчлэн, хүний дархлааны нөлөөгөөр вирус нь цаашид ч мутацид орж хувирч өөрчлөгдсөөр байх эрсдэл байгааг ч эрдэмтэд үгүйсгэхгүй байгаа юм.

Хүний биед вирусын эсрэг биетүүд үүссэн ч дахин коронавирусын халдвар авч “COVID-19”-ийн шинэ омог үүссэн гэх нотолгоо байгаа талаар хоёрдугаар сарын 12-нд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-аас мэдээллээ.   

Коронавирусын халдвараар өвдсөн өвчтнүүдэд вирусын дархлаа хэр байгаа талаархи судалгааны ажил хийгдэж байгаа гэдгийг ч мөн онцоллоо. Түүгээр ч үл барам, вакцин хийлгэсэн хүмүүсийн дийлэнхи нь хөнгөн хэлбэрээр халдвар авсан ажээ.

Өнгөрсөн 2020 оны 12 дугаар сарын дундуур Их Британид “SARS-CoV-2” коронавирусын шинэ омгийг илрүүлснээ зарлаж байв. Тус улсаас шинээр үүссэн омог нь маш хурдацтай тархаж байгаа тул ард иргэддээ өмнөхөөсөө ч илүү анхаарал, болгоомжтой байхыг зөвлөж, яаралтай арга хэмжээ авч хэрэгжүүлсэн билээ.

Харин Өмнөд Африкийн хувьд “SARS-CoV-2” коронавирусын шинэ мутаци илэрсэн болох нь 12 дугаар сарын 19-нд ил болсон юм.

Коронавирус нь мутацид орж, шинэ шинэ омог, төрлүүдийг бий болгосноор вакцин үйлдвэрлэгчдийн ажлыг ямар ч үр дүнгүй болгох эрсдэл рүү түлхэж байгаа гэсэн үг. Тиймээс одоо шинэ омог, төрлийг судалж, түүнийг устгах, түүнд тохирсон вакцин гаргаж авах ажил шинээр эхлэх шаардлага Дэлхий нийтийн өмнө тулгарлаа.

Коронавирусыг өвдөг сөхрүүлэх өдөр Дэлхий дахины өмнө хурдан ирэх болтугай!

Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     160    0