Багануур дүүрэгт Covid-19-ийн нэг тохиолдол батлагдлаа

Багануур дүүргийн Онцгой комиссоос /2020.11.21/ шөнийн 02.00 цагт мэдээлэл хийлээ.


Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Д.Шинэбаяр “Арваннэгдүгээр сарын 20-ны өдөр Багануур дүүрэгт сэжигтэй тохиолдол илэрсэн талаар мэдээлсэн. Сорьцыг ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори руу  илгээж шинжлэхэд сэжигтэй тохиолдлын хариу эерэг гарч, батлагдаж ирлээ. Ингэснээр Багануур дүүрэгт Covid-19-ийн нэг тохиолдол батлагдаад байна. Халдвар илэрсэн учраас иргэд гэрийн дэглэм сахиж, амны хаалтаа тогтмол зүүж, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахих шаардлага байна.

Сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн цагаас эхлэн бид хавьтлыг тодорхойлох бүх шаардлагатай арга хэмжээг авч ажилласан. Өнөөдөр халдвартай иргэний ойрын хавьтал болох 17 хүн, дам хавьтал болох 20 хүн нийт 37 хүнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авсан. Эхний байдлаар бүгд сөрөг гарсан. Дахин баталгаажуулах шинжилгээг ХӨСҮТ-рүү хүргүүлж байна.

Өнөөдөр сайн дурын шинжилгээнд 92 иргэн хамрагдаж, бүгд сөрөг гарсан. Мөн хоёр өрхийн эрүүл мэндийн төв болон Нийгмийн эрүүл мэндийн төв дээр сайн дурын шинжилгээг авна. Иргэд хөл хорионы үеэр эмх замбараагүй байдал үүсгэхгүй, эрүүл ахуйн халдвар хамгааллыг маш сайн баримтлах хэрэгтэй байна" хэмээсэн юм.

А.СҮРЭН

Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     129    0