Нэг хүний ЭРХ АШИГ ба НЭГ САЯ АМИНЫ ЭРСДЭЛ

Нэг эрх ашиг ба нэг сая амь. Коронавирусийн цар тахлыг дотооддоо алдчихаад буй энэ цаг үед энэ өгүүлбэрийн агуулгыг бид мартаж болохгүй. Шүүмжлэгч өөртэй чинь адил надад ч бас хэцүү байна. Гэхдээ цар тахлын онцгой үед асуудлаа хаа хаанаа өөрсдөө боломжоороо зохицуулах шаардлага тулгараад байна. Хэн нэгнийг шүүмжилж, дэлгэцийн цаанаас шүлсээ үсчүүлэх биш таны эрх бусдын эрхээр хязгаарлагддаг гэдгийг ухамсарлах цаг ирсэн гэдгийг товчоор хэлье.

Коронавирусийн онцлог бол агаар дуслын замаар болон бусад тохиолдлуудаар маш хурдацтай тархаж, нийгмийг голомтын байдалд оруулж чаддаг байдал юм. Энэ чадлаараа дэлхийн өнцөг булан бүрт хүрч, улс орон бүрийг энэ аюулт өвчин бүрхэж авч чадлаа. Өмнөд хөршөөс гаралтай уг өвчнөөр одоогийн байдлаар 56 сая гаруй хүн өвчилж, 1.3 сая хүн нас бараад байна.

10 сарын турш дотооддоо алдалгүй "барьж" байсан манай улс харамсалтай нь өнгөрсөн долоо хоногоос дотооддоо хэд хэдэн багц өвчлөлийн тохиолдлуудыг бүртгэж авлаа. Иргэн бүр айдаст автаж, хоол хүнсээ бэлтгэн гэртээ суух "уйтгарт" хөл хорионы өдрүүд энэ мөчид үргэлжилж байна. Дотооддоо алдсан тохиолдлоо "хайрцаглаж" авахын тулд эмч мэргэжилтэн тэргүүтэй төрийн бүхий л тусгай байгууллагууд өдөр шөнөгүй зүтгэж үүргээ гүйцэтгэж байна. Төр засаг нь ч зээлийн хүү зэрэг олон асуудлыг хөл хорионы үеэр шийдвэрлэхээр хичээж байна. Эмч нар нь өдөр шөнөгүй өвчнөө хяналтад оруулах гэж үзэж, шинжилж сууна. Цагдаа, онцгой тэргүүтэй тусгай байгууллагууд нь иргэдийнхээ аюулгүй байдал, амар тайван байдлыг хангахаар хичээж байна.

Нийслэлийн удирдлагууд нь ч гэсэн хотын иргэдээ коронавирусийн өвчлөлөөс аль болох хохирол багатай авч үлдэхийн тулд онцгой байдалд авах ёстой арга хэмжээнүүдийг чадлынхаа хэрээр авч байгааг харагдах юм. Төмөр зам дагасан хөндлөн өргөрөгт нөхцөл байдал эрсдэл дагуулж байгаа. Харин нийт хүн амынхаа бараг талаас илүүг буюу 1.3 сая хүнийг нийслэлдээ "багтааж" буй нийслэлийн удирдлагууд, хот хариуцсан хүмүүст байдал илүү хүндээр тусч буй нь ойлгомжтой. Тийм ч учраас аюулгүй байдлыг илүү хангаж, хөл хорионы дэглэмийг чанад дагаж мөрдөх шаардлага бидэнд тулгарч, үүнийг зохион байгуулах үүрэг тэдэнд оногдоод байна. Хүн амын тал нь дөрвөн уулынхаа бэлд "хашигдаж" суугаа хойно хоромын төдийд л анхаарал болгоомжоо алдвал нийслэл "дуусна".

Нөхцөл ийм хүнд байхад зарим нэг иргэд төр засаг, нийслэлээс гаргаж буй шийдвэрүүдийг нь сургаар эсвэл зүгээр хувийн сэтгэгдлээр "жадлан" эсэргүүцэж буй нь хачирхалтай. Хөл хориогоо утгын алдуулчихаад бид шуурхай хугацаанд 1000 гаруйхан ор бэлдэх чадвартай байгаа эмнэлгийн үйлчилгээндээ найдах хэрэг үү. Нэг хүнд ногдох эмч, сувилагчдынхаа тоо тэнэг л биш бол бид барагцаалж байгаа. Хэрвээ хөл хориогоо сулруулах, жижиг алдаа гаргах л юм бол бид дахиж "хазаарлаж" чадахгүй. Ийм хэцүү мөчид зангаасаа болж асуудалд ингэж хөнгөн, сэтгэлийн хөөрлөөр хандаад байна уу, угаасаа муухай харагдуулах боломж гэж үзээд улстөржүүлээд байна уу. Угтаа бид өвчин зовлонгоор улс төр хийж суухын оронд илүү сахилга бат, оюун ухаанаараа нэгдэн нийлж энэ цар тахлыг хохирол багатай давах шаардлага бидний өмнө байна. Шүүмжлэлийг бол хэзээ ч хийхэд хоцрохгүй.

 Ажилдаа явж чадахгүй байгаа, эсвэл гараад дураараа давхиж чадахгүй байгаа ганцхан таны эрх ашгийн чинь ард нэг сая амь эрсдэлд ороход бэлэн байна. Энэ бол цар тахал.

Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     63    1