Хүнсний бүтээгдэхүүний үнэ тогтвортой, нөөц хангалттай байна

Коронавирусний халдварын улмаас улс орон даяар хөл хорио тогтоогоод байна. Үүнтэй холбогдуулан Ховд аймагт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, мал, мах ховордсон, үнэ нэмэгдсэн гэх мэдээллийг иргэдээс ирүүлжээ.

Тиймээс Ховд аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайханаар ахлуулсан ажлын баг хүнсний зах, худалдааны төв, шатахуун түгээх станцын үйл ажиллагаатай газар дээр нь танилцлаа.  

Ажлын багийн бүрэлдэхүүнд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Ховд аймаг дахь орон тооны бус байцаагч нар багтав. Тэд  хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханшийн судалгаа авлаа.

Мөн коронавирусний халдвараас сэргийлэх зорилгоор хөл хорио тогтоосон хугацаанд зохиомол хомстол бий болгохгүй, үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байхыг анхааруулж зөвлөв.

Одоогийн байдлаар “Цагаан морь”, “Таван баялаг” зэрэг захад өдөр бүр 40-50 толгой малыг зах зээлийн ханшаар худалдаалж байна. Тодруулбал, эм хонь 120-130 мянга, эр хонь 170-180 мянган төгрөгийн үнэтэй байна.   

Харин Номин Ховд салбар, Гигант, Тотал худалдааны төвийн хувьд төлөвлөгөөнийхөө дагуу татан авалт хийж байгаа. Хүнсний бараа бүтээгдэхүүний нөөц хэвийн, үнэ тогтвортой, дэглэм, журмын дагуу худалдаа үйлчилгээгээ үзүүлэн ажиллаж байна гэж албаны эх сурвалж мэдээллээ.

Сүүлийн үед иргэдийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний худалдан авалт тодорхой хувиар нэмэгдсэн. Гэхдээ нөөц хангалттай байна гэж худалдаа эрхлэгчдийн төлөөлөл онцоллоо. Мөн томоохон худалдааны төвд ачаалал, дараалал үүссэн тохиолдол байхгүй аж.

Одоогоор төмс, лууван, манжин кг тутамд 700, байцаа 1000-1200 төгрөгийн үнэтэй байна. Мөн хүрэн манжин кг тутамд 2500, сонгино 3-5 мянган төгрөгийн үнэтэй байгаа юм. Харин монгол саримс кг тутамд 25 мянган төгрөг аж. Орон нутгийн тариаланчдын нөөцөлсөн хүнсний ногоо дунджаар 8-25 тонн байгаа гэх тооцоолол гарчээ.   

Мөн сүү нэг литр нь 1500 төгрөг. Харин “Хан орд”, “Буган гол” зах дээр үхрийн мах 10-12 мянга, хонины мах 8500-12000 төгрөгийн үнэтэй байна.

Түүнчлэн ундаа усны гурван сарын нөөцтэй. Шатахууны үнэ ханш тогтвортой, ойролцоогоор 10-30 хоногийн нөөцтэй байна гэж албаныхан танилцууллаа.

Цаашид хүнсний бүтээгдэхүүний үнэ ханшийг тогтвортой байлгах, нөөцийг нэмэгдүүлэх чиглэлд орон нутгийн удирдлагууд анхаарч ажиллахаа илэрхийлж байв.  

Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     93    0