“Moderna” компанийн вакцин 94.5 хувийн үр дүн үзүүлжээ

АНУ-ын “Moderna” биотехнологийн компанийн гарган авсан вакцин коронавирусний эсрэг 94.5 хувийн үр дүн үзүүллээ. АНУ-д хоёр дахь вакцин ийнхүү өндөр үр дүн үзүүлж буй нь энэ юм.

 

“Pfizer” компани вакцин нь 90 гаруй хувийн үр дүн үзүүлсэн талаар өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн юм.

 

Хэдийгээр эдгээр хоёр вакцины аюулгүй, үр дүнтэй байдлын үзүүлэлт маш төстэй байгаа ч “Moderna” компанийнх ийнхүү давжээ. “Pfizer”, “Moderna” компанийн аль аль нь вакцинаа гарган авахдаа хамгийн шинэлэг, туршилтын аргыг ашигласан байна. “Moderna” ирэх хэдэн долоо хоногт вакциныхаа зөвшөөрлийг авах хүсэлт гаргахаар төлөвлөж байгаа ажээ.

 

“Moderna”-гийн туршилтад 30 мянган хүн оролцсоноос 15 мянган хүнд плацебо буюу үр дүн үзүүлэхгүй идэвхгүй нэгдэл тарьсан байна. Хэдэн сарын дараах байдлаар тэдний 90-д “COVID-19” халдварын шинж тэмдэг илэрч, 11-ийнх нь биеийн байдал хүндэрчээ. Харин үлдсэн 15 мянган хүнд вакцин хийхэд тавд нь халдварын шинж тэмдэг илэрч, хэн нь ч хүндээр өвчлөөгүй байна.

 

“Moderna” компанийн мэдээлснээр, вакцин хийлгэсэн хүмүүст ноцтой зовуурь илрээгүй бөгөөд багахан хувьд нь чичрэх, толгой өвдөх шинж тэмдэг илэрчээ. Тус компани вакциныхаа зөвшөөрлийн хүсэлтийг энэ сарын сүүлээр АНУ-ын Хүнс, эмийн хяналтын удирдлагын газарт гаргахаар төлөвлөжээ.

 

АНУ-ын халдварт өвчин судлалын мэргэжилтэн Энтони Фаучи эхний вакцинжуулалтыг 12 дугаар сарын сүүлээс эхэлж магадгүй хэмээн таамаглажээ. Эхний ээлжинд эмнэлгийн ажилтнууд, өндөр настнууд, суурь өвчтэй хүмүүст вакцин хийх юм. “Миний бодлоор ирэх оны дөрөвдүгээр сарын сүүлээс бүх иргэнийг вакцинжуулалтад хамруулж эхэлнэ” гэж Э.Фаучи хэлжээ. 

Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     58    0