Токиогийн Олимпыг төлөвлөсний дагуу ирэх зун зохион байгуулахаар тохиролцлоо

Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ, Олон улсын олимпын хорооны /ОУОХ/ тэргүүн Томас Бах нар дэлхий дахинд коронавирусний цар тахал дэгдээд байгааг үл харгалзан Токиогийн Олимпыг төлөвлөсний дагуу ирэх зун зохион байгуулахаар тохиролцжээ.

 

С.Ёшихидэ Японд өнгөрсөн ням гаргаас дөрвөн өдрийн айлчлал хийж буй Т.Бахтай өнөөдөр уулзаж, дэлхий даяар коронавирусний халдварын тохиолдлын тоо нэмэгдсэн хэвээр байгаа энэ үед Токиогийн Олимпын наадмыг бэлтгэлийг хангах талаар хэлэлцсэн байна.

 

 

Уулзалтын дараа Т.Бах сэтгүүлчдэд мэдээлэхдээ, үзэгчдийг цэнгэлдэх хүрээлэн рүү нэвтрэх боломжоор хангана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд, хэрэв тухайн үед вакцинжуулалтад хамруулах боломж бүрдсэн байвал ОУОХ тамирчдыг вакцинжуулах чиглэлд хүчин чармайлт гаргана гэдгийг амлажээ.

 

“Энэхүү уулзалтаар бид “Токио-2020” Олимп, Паралимпын наадмыг ирэх зун Токиод амжилт дүүрэн зохион байгуулах хүсэл эрмэлзэл, итгэл найдвартай байгаагаа нотоллоо. Бид хамтдаа Олимпын наадмыг зохион байгуулж, Олимпын бамбарыг хонгилын үзүүрт гэрэлтүүлж чадна” гэж Т.Бах хэлсэн байна.

 

Токиогийн Олимпын наадмыг цар тахлын улмаас нэг жилээр хойшлуулах шийдвэрийг энэ оны гуравдугаар сард гаргаснаас хойш ОУОХ-ны тэргүүн Японд анх удаа айлчилж буй нь энэ юм.

 

Дэлхийн бусад оронтой харьцуулахад Японд халдварын үзүүлэлтүүд харьцангуй бага байгаа хэдий ч агаарын температур буурч, хөл хөдөлгөөн болон хилийн хяналтыг сулруулж эхэлснээс хойш халдварын тохиолдлын тоо нэмэгдэж, сүүлийн өдрүүдэд халдвар авсан хүний өмнө нь бүртгэгдээгүйгээр нэмэгдэх болжээ.

 

Ийм нөхцөлд С.Ёшихидэ “хүн төрөлхтөн коронавирусийг ялан дийлсний баталгаа” болгон Токиогийн Олимпыг зохион байгуулах чин хүсэлтэй байгаагаа Т.Бахтай уулзах үеэрээ илэрхийлсэн байна.

 

“Бид цэнгэлдэх хүрээлэнд тэмцээн үзэх боломжийг үзэгчдэд бүрдүүлэхийн тулд уг асуудлыг олон талаас нь авч үзэж байгааг Т.Бахад тайлбарлаж, Олимпын наадмыг аюулгүй зохион байгуулах чиглэлд түүнтэй нягт хамтран ажиллахаар тохиролцсон” гэж С.Ёшихидэ уулзалтын дараа сэтгүүлчдэд мэдээлжээ.

 

Ташрамд дурдахад, Японы Засгийн газар коронавирустэй тэмцэх арга хэмжээнүүдийг нарийвчлан боловсруулах үйл явцыг түргэтгэснээс хойш Ё.Сүгагийн хийсэн анхны уулзалт энэ болсон байна.

 

Даваа гаргийн орой Т.Бах Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзотой уулзана. Тэрбээр Токио 2020 оны зуны Олимпыг зохион байгуулах эрхийг авах үед Японы удирдагчийн албыг хашиж байсан боловч эрүүл мэндийн шалтгааны улмаас албан тушаалаасаа огцорсон билээ.

 

Т.Бах түүнд Олимпын наадмыг зохион байгуулах чиглэлд гаргасан хүчин чармайлтынх нь төлөө шагнал гардуулах төлөвтэй байна.

 

Мөн ОУОХ-ны тэргүүн айлчлалынхаа үеэр Токиогийн Олимпыг зохион байгуулах хорооны тэргүүн Мори Ёширо, Токио хотын захирагч Койкэ Юрикотой уулзахаар товложээ. Т.Бах, М.Ёширо нар мөн хамтарсан хэвлэлийн бага хурал хийнэ.

 

 

Мягмар гарагт Т.Бах тамирчдын хотхон болон үндэсний цэнгэлдэх хүрээлэнгээр зочилно. 2019 оны 11 дүгээр сард байгуулж дууссан уг цэнгэлдэх хүрээлэнд Олимпын нээлт, хаалтын ёслол болон хөнгөн атлетик, хөлбөмбөгийн тэмцээнийг зохион байгуулах юм. 

Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     108    0