"ХҮЧИТ ШОНХОР" ЗАХАД МАХНЫ ЭРЭЛТ, НИЙЛҮҮЛЭЛТ ХЭВИЙН БОЛЖ БАЙНА

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгсөн чиглэлийн дагуу Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар хүнсний зах, гэр хорооллын хүнсний дэлгүүр, эмийн сан, дотуур байрны оюутнуудын хүнсний хангамж, нийлүүлэлт, нөөц ямар байгаатай танилцлаа.

"Хүчит шонхор" захад  махны эрэлт, нийлүүлэлт хэвийн байдалд орж байна. Нийслэлчүүд өдөрт дунджаар 110 тн мах хэрэглэдэг бөгөөд өнгөрсөн хоёр өдөр нийт 618,  өнөөдөр 470 тн мах орон нутгаас нийлүүлсэн ч эрэлт ихтэй, нөөцөлж авах нь ч их байжээ. Гурил, будаа, хүнсний ногоо зэрэг бүтээгдэхүүн элбэг, үнэ тогтвортой байгааг худалдаа эрхлэгчид хэллээ. Гэхдээ иргэд ердийн үеэс хоёр дахин их хэмжээгээр мах, хүнсний бүтээгдэхүүн худалдан авсан байна. Өнөөдрийн байдлаар үхрийн мах нэг килограмм нь дунджаар 11,000-12,000, хонины мах 9,000, адууны мах 7,500-8,500 буюу 1,000 гаруй төгрөгийн хэлбэлзэлтэй, төмс нэг килограмм нь 700, сонгино 1,600 төгрөг, бусад хүнсний ногооны үнэ хэвийн, Алтан тариа компанийн гурил нэг килограмм нь 1,329-1,530, будаа 3,600 төгрөгийн ханштай байлаа. Иргэд, худалдаа эрхлэгчид мах, хүнсний бүтээгдэхүүний тээвэр, нийлүүлэлт, зохион байгуулалтыг сайжруулах, гэр хороололд махны бөөний цэг байгуулах нь зүйтэй гэж үзэж байгаагаа хэлэв. 

Чингэлтэй, Долоон буудал орчмын хүнсний найман нэрийн дэлгүүрүүдэд өргөн хэрэглээний барааны хүрэлцээ, хангамж урьдын адил хэвийн, үнэ тогтвортой ч хүн цөөтэй. Энэ нь иргэд ихэвчлэн хүнсний зах, бөөний худалдааны төв рүү явж байгаатай холбоотой гэж худалдагч нар ярьж байна. Эмийн сангуудад эм, тарианы эрэлт, борлуулалт хэвийн, гэхдээ ариутгалын бодис, амны хаалтны нөөц хомсдож  магадгүйг хэллээ.

Өнөөдрийн байдлаар төрийн өмчийн их, дээд сургуулийн оюутны 41 байранд 9,548, хувийн өмчийн их, дээд сургуулийн 32 байранд 2,749 оюутан байна. Монгол Улсын Боловсролын их сургуулийн дотуур байранд 350 орчим оюутан амьдардаг. Сургуулиас нь хоол хүнс, ариутгалын бодис, амны хаалт, амин дэм зэргийг өгч, мэргэжлийн байгууллагын заавар, зөвлөмжийн дагуу байрыг ариутгаж, халдваргүйжүүлж байна. Сайд нар нөхцөл байдлын талаар өнөөдөр болох Засгийн газрын ээлжит бус хуралдаанд танилцуулж, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлүүлэх юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     63    0