2021 оны сүүлээс эхлэн хүмүүс хэвийн амьдралд шилжих боломжтойг Covid-19 вакцины зохион бүтээгч хэлжээ

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Pfizer, Германы BioNTech компаниудын хамтран бүтээж буй коронавирусийн эсрэг вакцины сүүлчийн шатны туршилт 90 гаруй хувийн үр дүнтэй гарсныг зарласан билээ.

Энэ туршилтад 43,000 орчим хүн оролцож байгаа юм. Вакциныг зохион бүтээгч BioNTech компанийн гүйцэтгэх захирал, доктор Угур Сахин саяхан BBC One хөтөлбөрт оролцож, цар тахлын ирээдүйн талаар ярьжээ.

“Манай вакцины үзүүлэлт 90 хувийн үр дүнтэй биш, 50 хувийн үр дүнтэй байсан ч хүмүүс хоорондын вирус тархалтыг эрс бууруулж чадна гэдэгт би бүрэн итгэлтэй байна” гэж тэр энэ үеэр ярьсан байна.

Доктор Сахины хэлснээр тэдний бүтээсэн вакцин энэ оны сүүлч, ирэх оны эхээр зах зээлд нийлүүлэгдэж эхлэх гэнэ. Ирэх оны дөрөвдүгээр сард 300 сая тун вакцин дэлхий даяар түгээх зорилготой байгаа ба ингэсний дараа л цар тахалд бодитой нөлөө үзүүлж эхлэх ажээ.

“Вакцины бодитой үр дүн ирэх оны зунаас харагдаж эхлэх ба ирэх оны намар гэхэд ихэнх хүмүүс вакцинжуулалтад хамрагдаж чадвал бид хэвийн амьдралд шилжих боломжтой” гэж Сахин ярьж байна. Цар тахлыг цааш сунжруулахгүйн тулд 2021 оны намар гэхэд ихэнх хүмүүсийг вакцинжуулалтад хамруулж дуусгах нь чухал болохыг тэр хэлжээ.

Тариа хийлгэсэн биеийн хэсэгт цөөн хэдэн өдрийн турш хөндүүр мэдрэгдэх, ижил хугацаанд хөнгөн халуурах шинж тэмдэг ажиглагдах нь одоогоор мэдэгдэж байгаа шинэ вакцины хүний биед үзүүлэх сөрөг нөлөө гэнэ.

“Эдгээрээс өөр туршилтыг түр зогсоох, саатуулах хэмжээний сөрөг нөлөө одоохондоо илрээгүй байна” гэж доктор Сахин ярьжээ.

Өнөөдөр дэлхий даяар Pfizer/BioNTech-ийн вакциныг оролцуулаад нийт 11 төсөл хүн дээр хийх туршилтынхаа сүүлчийн шатанд ороод байна.

Гэхдээ коронавирус цаашид хувьсан өөрчлөгдсөөр байвал өнөөдрийн бүтээж буй вакцинууд хүмүүст хангалттай дархлаа тогтоож чадахгүй байж болохыг зарим судлаачид анхааруулж байгаа юм.

 

Эх сурвалж: BBC

Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     140    0