Энтони Фаучи: АНУ-д нэн шаардлагатай хүмүүсийг XII сарын сүүлээр вакцинжуулж магадгүй байна

Pfizer" болон "BioNTech"-ийн вакцин 90-95 хувийн өндөр нөлөөтэй байгаа талаар АНУ-ын Халдварт өвчин судлалын институтийн тэргүүн Энтони Фаучи мэдэгдлээ.

Мөн АНУ нэн шаардлагатай байгаа хүмүүсийг XII сарын сүүлээр вакцинд хамруулж магадгүй байгааг тэрээр онцолжээ. "Pfizer"-ийн хувьд вакцинаа хэрэглээнд нэвтрүүлэхийн тулд ахмад настнууд болон халдварт өртөх эрсдэл хамгийн өндөр бүлгийн хүмүүст вакцин хэрхэн үйлчилж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлж, зөвшөөрлөө авах шаардлагатай байгаа. "AstraZeneca" болон Оксфордын Их Сургууль вакцины туршилтын үр дүнгээ ойрын хугацаанд тайлагнах төлөвтэй байна. Энэхүү вакцин нь Их Британи болон Европын холбооны хяналтад орж байгаа. Харин "Johnson & Johnson" туршилтын эхний шатны дүнг 2021 эхээр танилцуулах төлөвтэй байна. "Novavax"-ийн хувьд энэ сард АНУ-д томоохон туршилт эхлүүлэхээр бэлтгэж байгаагаа мэдээлжээ.

Одоогоор дэлхийн хэмжээнд "COVID-19"-ийн халдвар авсан 53.7 сая, нас барсан 1.3 сая тохиолдол бүртгэгдээд байгаа. Бямба гарагт АНУ-д шинээр 141,297 тохиолдол бүртгэгдэж, 10 дахь өдрөө дараалан 100 мянгаас дээш тохиолдол бүртгээд байна.

Европын орнуудаас Италид Бямба гарагт 37,255 тохиолдол бүртгэгдэж, нас барагсдын тоо 544 хүрч, Флоренц болон Неаполийн бүс нутгуудад хязгаарлалтыг чангатгасан. Их Британид шинээр 26,860 халдварын тохиолдол бүртгэгдэж, нас барагсдын тоо 462 хүрсэн нь сүүлийн долоо хоногийн дунджаас давсан үзүүлэлт боллоо. ОХУ-ын Москва хотод хоолны газар болон шөнийн цэнгээний газруудыг оройн 23:00-06:00 цаг хүртэл хаахаар болжээ. Мөн сургуулиудын хичээлийг цахимаар орж, байгууллагуудыг ажилтнуудаа гэрээс нь ажиллуулах зөвлөмж өгөөд байгаа. Тус улсад нийт халдварын тохиолдол 1.9 сая даваад байгаа юм.

Азийн орнуудын хувьд БНСУ-д сүүлийн 24 цагт коронавирусийн халдварын 208 тохиолдол бүртгэсэн байна. Энэ нь IX сараас хойших дээд түвшинд тооцогдож буй юм. Үүнээс 176 нь дотооддоо халдварлаж, 81 нь Сөүл хотод бүртгэгджээ.

Түүнчлэн "Tesla" компанийн Гүйцэтгэх захирал Илон Маск өөр лабораториудын тестүүд өөр өөр хариу өгч байгааг онцолж, өөрт нь хөнгөн ханиадны шинж тэмдгүүд илэрч байгаа тул өөрийгөө коронавирусийг хөнгөн байдлаар туссан гэж бодож байгаа талаараа "Twitter" хаягтаа жиргэжээ.

Б.Батцэцэг

Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     81    0