“Эрдэнэт үйлдвэр”-т хийгдэж буй аудитын шалгалт үнэнийг илчэлж чадах уу?

“Эрдэнэт үйлдвэр”-т аудит хийж байна. Уг шалгалтуудыг “Ачит ихт”, “Эрдмин” компаниудтай холбоотойгоор хийж байгаа бололтой.

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т өнгөрсөн оны үйл ажиллагаанд нь санхүүгийн баталгаажуулалт аудит хийсэн байдаг. Дүн нь энэ оны дөрөвдүгээр сарын 1-нд гарсан боловч дахин аудит хийхээр болжээ. Эх сурвалжийн мэдээлснээр аудит хийж эхлээд хоёр долоо хонож байгаа аж. Аудитын зорилгын тухайд өмнө нь өгсөн зөвлөмжийн хэрэгжилт ямар байгааг шалгахаар аудит хийж байгаа гэх боловч зарим эх сурвалж “Ачит их”, “Эрдмин” зэрэг компаниудад 2017, 2018 онд өгсөн аудитын зөвлөмжийн хэрэгжилттэй холбоотой аудитыг хийж байгаа гэж мэдээлсэн юм. Яагаад Төрийн аудитын байгууллага энэ том үйлдвэрт ойр ойрхон буюу тогтмол аудит хийгээд байж болдоггүй юм бэ гэх шүүмжлэл байдаг. Гэтэл хүн хүч, цаг хугацааны хувьд энэ нь ҮАГ-т нэлээд хүндрэлтэй байдаг бөгөөд ихэнх нөөц бололцоогоо төрийн яам агентлагуудад зарцуулдаг аж. Тиймээс “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хөндлөнгийн аудитын байгууллага болох “Эрнст энд Янг” компаниар аудит хийлгэдэг.  Тус компанийн хувьд ч гэсэн арав гаруй аудиттай очоод зургаан сар судалж байж нэг дүгнэлт гаргадаг тийм том үйл ажиллагаа явагддаг гэж эх сурвалж тайлбарлалаа. Түүний хэлснээр хоёр долоо хоногийн өмнөөс төлөвлөгөөний дагуу хийгдэж эхэлсэн бөгөөд энэ нь тус үйлдвэрийн Ерөнхий захиралтай холбоотой асуудлаас үүдсэн хяналт шалгалтын ажил биш шүү гэв. Гэхдээ аудит хийж байгаа байгууллагаасаа төлбөр авч буй байгууллага үнэн бодитоор үнэнийг илчилж аудит хийж чадах уу гэдэх эргэлзээтэй. Баримт: https://www.tender.gov.mn/mn/bidder/entity/1474523661245 

Үндэсний аудитын газрын хараат бус байдал

Үндэсний аудитын газар УИХ-ын харьяа байгууллага мөн үү? Уг нь хууль эрхзүйн орчноороо бол УИХ-аас хараат байгууллага биш. Гагцхүү тэндээс томилогддог, төсвийг нь тэнд баталдаг, УИХ-д тайлангаа өгдөг учраас дарамтын сигнал дуугардаг аж. Олон улсын стандартын дагуу төрийн аудитын байгууллагын хараат бус байдал хамгийн чухал. Харин хаана харьяалуулж зохион байгуулбал хараат байдал арилах вэ? Энэ эрхзүйн орчныг эргэн харах цаг болжээ. Хэрэв ҮАБЗ-өөс томилогддог байвал одоогийн хараат байдал арилах болов уу? Жил бүр төсвөө тануулж, эдийн засгийн аюулгүй байдалд нь халдаж, тогтвортой ажиллуулахын оронд томилгоог УИХ хийдэг, үүгээрээ дарамталдаг байгаа цагт төрийн хяналт хийнэ гэдэг хэзээ ч зүй тогтлын дагуу үр дүнд хүргэхгүй нь ойлгмжтой. Энэ байгууллагад өнөөдөр цахим мэдээллийн сан ч байхгүй яам, агентлаг дээр очоод цаасаар баримт гаргаж өгөхийг нэхээд сууж байдаг нөхцөл байдал арилаагүй байгаа нь зөвхөн Үндэсний аудитын газрын асуудал биш. Төрийн хяналтаар дамжуулж засаглалын одоогийн алдааг засч залруулах, цаашид сайн засаглалыг бий болгох тогтолцоо гажсаных юм.

Үндсэн хуулиар төрийн санхүү, төсвийн хяналт, нийтийн өмчийг хянах үйл ажиллагааг тусгайлсан хуулиар зохицуулагдсан байгууллага хянана гэж заасан байдаг. Төсөв, төрийн санхүүд Төрийн хуулиар зөвхөн аудитын байгууллага хяналт тавина. Энэ бол Үндсэн хуулиар зохицуулагдсан харилцаа. Хэрэв төсөв дээр өөр хяналт орж ирвэл Үндсэн хууль зөрчсөн асуудал болно. Ажлын хэсэг байгуулж шоудагчид шинээр баталсан Үндсэн хуулийн энэ заалтыг анхаарах хэрэгтэй. Төрийн санхүүг аудитаас өөр газар хянавал Үндсэн хууль зөрчсөн асуудал юм биш үү? Энэ талаар Үндсэн хуулийн 25.7-д заасан. Үүнд “Төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно” гэсэн байна.

Ингэхэд Шилэн дансанд бүх гүйлгээг ил болгох ёстой юм уу. Худалдан авах ажиллагааг ил болгох ёстой юм уу? Нуусан эс нуусан асуудал уу, юунд яагаад зарцуулсан асуудал юм уу?

Төрийн өмчит үйлдвэрийн газрын хувьд төсвийн зарцуулалт гэдэг ойлголт байхгүй. Байгууллагын үйл ажиллагааны ашиг ямар байна, байгууллага өөрөө худалдан авах ажиллагаагаа ил тод явуулж байна уу хуйвалдаж явуулаад байна уу гэдэг л чухал. Эмнэлэг бол төсөвт байгууллага. Ашиг олох үүрэггүй. Тэдний нэг боодол бичгийн цаасаа хаанаас, хэдэн төгрөгөөр авсан нь хүртэл татвар төлөгчид хамаатай. Бизнесийн байгууллагад төр ямар шаардлага тавьж байна вэ гэхээр энэ байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангаж өндөр үр ашигтай ажиллуул, төсөвт их мөнгө оруул, ажилтнуудын нийгмийн асуудлыг шийд гэсэн л шаардлага тавьдаг.

Төрийн өмчит Онцгой дэглэмтэй үед 440 сая төгрөгөөр Lexux570 машин 2020 оны 08 сард авсан. Дахиад 512 сая төгрөгөөр бенз J63 загварын үнэтэй машин авхаар төлөвлөжээ. Худалдан авалтын төлөвлөгөө тайланд ингэж Эрдэнэт үйлдюэрийн дарга нар эрх мэдлээ хэтрүүлдгийг Шилэн Цогоо Улаан бал нэвтрүүлэгт орсон ярилцлагаар мөн өрөг.мн сайт олон баримтуудыг  олонд дэлгэсэн байдаг. Эдгээр баримтууд дээр аудит хийхгүй өнгөрч магадгүй гэж хардаж байна. 

Эрдэнэт үйлдвэрийн эрх мэдлээ хэтрүүлсэнийг илтгэх баримтууд: 

БАРИМТ НЭГ: ГУРВАН ТЭРБУМЫН ХОЁР БАЙР БА 11.9 САЯЫН ТӨЛБӨР

Зайсанд байх Жардин хотхонд Эрдэнэт үйлдвэр нийт 3 тэрбум 13 сая төгрөгөөр 202, 302 тоот орон сууцуудыг гараашийн хамт худалдан авч, үндсэн хөрөнгөндөө бүртгэсэн.  Яг ямар зорилгоор эдгээр байшингуудыг худалдан авсан нь тодорхойгүй ба байрны ус дулаан СӨХ-ийн төлбөрт 2018-2019 онд нийт 11,9 саяыг Эрдэнэт үйлдвэрээс гаргажээ.  Сангийн яамнаас  Эрдэнэт үйлдвэрийн 2016-2019 оны үйл ажиллагаанд санхүүгийн иж бүрэн хяналт шалгалт хийхэд эл үйлдлийг илрүүлж дараах дүгнэлт, зөвлөмжийг өгсөн байна. Зөвлөмжид  “...ашиглалтын зардлыг нь үйлдвэрээс төлж байгаа эдгээр орон сууцуудыг ТУЗ-ийн шийдвэргүй бараа материал, ажил үйлчилгээ авах тендер зарлаагүй авсан, мөн гэрээ хэлцэлгүй, ямар байгууллагаас нь авсан нь тодорхойгүй байна”гэжээ. Харин Эрдэнэт үйлдвэрийн олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Гантулга тайлбарлахдаа“ЭРДЭНЭТ үйлдвэрийн нэр дээр хоёр байр байх нь байгаа. Гэхдээ ямар ч захирал дарга амьдрахгүй байгаа шүү дээ”гэсэн юм. Тэгвэл хүн амьдардаггүй үхмэл хөрөнгө байлгаж, урсгал зардлаа хүртэл төлөөд явах яг ямар шаардлага байна вэ?

БАРИМТ ХОЁР: 353 САЯЫН ҮНЭТЭЙ ШИНЭ 570-ИЙГ ХЭН УНАЖ БАЙНА ВЭ?

2019 оны 7-р сард Эрдэнэт үйлдвэр төлөөлөгчийн газрын нэр дээрээ 353 сая 500 мянган төгрөгийн үнэтэй 2019 оны 570 худалдан авчээ. Баттай эх сурвалжуудын мэдээлж буйгаар 9696 УНӨ гэх  дугаартай шинэ 570-ийг Х.Бадамсүрэн захирал хөлөглөж байгаа гэх.

Уг нь Х.Бадамсүрэн захирал 2017 онд шинэ 570 аваад бөөн хэл ам болж байв.

 

БАРИМТ ГУРАВ: ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТ 3 ТЭРБУМЫН БАЙР, 353 САЯЫН МАШИН БАЙХ ШААРДЛАГАГҮЙГ ТӨБЗГ-ААС МЭДЭЭЛЭВ

Олон мянган ажилтантай, том үйлдвэр удирдаж яваа захиралд хангамж байх ёстой. Гэхдээ тэрбумын БАЙР, тухайн оны шинэ машин заавал байх ёстой юу? Бид энэ талаар ТӨРИЙН ӨМЧИЙН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРААС тодрууллаа. Эрдэнэт үйлдвэрийн захирал сарын 15.5 саяын цалинтай ба шинэ 570, үнэтэй хаусаар хангана гэсэн гэрээ, контракт огт байхгүй. Харин зах зээлийн дундаж үнээр 3 өрөө байр иж бүрэн тавилгатай нь ажиллах хугацаанд нь хангана гэсэн юм.Өөрөөр хэлбэл шинэ 570, үнэтэй байр ЭРДЭНЭТ үйлдвэрийнхэн ТУЗ-даа мэдэгдэхгүй, ТӨРИЙН ӨМЧИЙН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРААСАА нууж авчээ.

БАРИМТ ДӨРӨВ: СОД МОНГОЛ ЛУЙВАРДАВ УУ? ЭРДЭНЭТИЙН ЗАХИРЛУУД ХАМТРАВ УУ? 

2019 оны 3-р сараас 2019 оны 12-р сар хүртэлх хугацаанд Эрдэнэт үйлдвэр “Сод Монгол” компаниас нийт 85.9 тэрбум төгрөгийн шатахуун худалдан авчээ. Том үйлдвэр шатахуун авалгүй яах вэ.  Гэхдээ ГУРВАН но байна.

2019 ОНЫ 3-Р САРЫН ШИЛЭН ДАНСНЫ ГҮЙЛГЭЭ

2019 ОНЫ 4-Р САРЫН ШИЛЭН ДАНСНЫ ГҮЙЛГЭЭ

2019 ОНЫ 5-Р САРЫН ШИЛЭН ДАНСНЫ ГҮЙЛГЭЭ

2019 ОНЫ 6-Р САРЫН ШИЛЭН ДАНСНЫ ГҮЙЛГЭЭ

1.    Х.Бадамсүрэн захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч нь Д.Үүрийнтуяа гэж эмэгтэй бий. Түүнийг Х.Бадамсүрэн захирал 2019 онд ажилд авсан. Д.Үүрийнтуяа захирал Эрдэнэт үйлдвэрт ажилд орохоосоо өмнө буюу 2014-2016 онд  “Сод монгол групп” ХХК-д Орхон салбарын дарга, группийн худалдаа эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байв. Өөрөөр хэлбэл Эрдэнэт үйлдвэрт ажилд орсныхоо дараа хуучин байгууллагаасаа 85.9 тэрбумын худалдан авалт хийжээ.

2.    Эрдэнэт үйлдвэр “Сод Монгол” ХКК-аас  шатахууныхаа литр тутмыг 2318 төгрөгөөр бодож авчээ. Эрдэнэт үйлдвэр Сод Монголоос шатахуун авах болсон үндэслэл бүхий баримтыг харвал зах зээл дээр шатахуун 2449 төгрөг байна. Харин Сод Монгол 2318 төгрөгөөр зарж байна гэжээ. Ингээд 2318 төгрөгөөр шатахуун авлаа гэсэн байгаа юм. Тоо бодоцгооё. Нийт 85.9тэрбумын шатахуун авсан гэрээ бидэнд олдоогүй. Гэхдээ шилэн данс дээрх гүйлгээнүүд нотолно. Харин 14.6 тэрбумын худалдан авах гэрээ бүхий баримт дээрх тоонуудыг ХАРЬЯ.

14.604.660 төгрөгөөр 6300 тн шатахуун авчээ. Үүнийг литр эрүү шилжүүлбэл 7.455.621болж байгаа юм. Өөрөөр хэлбэл СОД МОНГОЛ анх тендерт орохдоо шатахуунаа 1958төгрөгөөр зарна гэж ороод ялжээ. Харин яг шатахуунаа зарах үеэр 2318 төгрөг болгосон нь илт байгаа юм. Өөрөөр хэлбэл тендерт орохдоо нэг үнэ хэлээд бараагаа зарах үеэр үнээ өсгөөд2.6 тэрбумын орчим төгрөг дундаас нь гувчуулсан байж болзошгүй байна. 85.9 тэрбумаас 14.6 тэрбумыг хасвал цаана нь 71.3тэрбумынхаа хэдийг нь эд нар хоорондоо хувааж идсэн болж байна вэ? Та бодоод үзээрэй.

Шатахуунтай холбоотой гурав дахь ноцтой зүйл. Шилэн дансны гүйлгээнүүдийг харвал ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР зун өвлийн түлш, өвөл зуны түлш худалдаж авсан байна. Зуны түлшээ өвөл нь аваад нөөцөлжээ гэж  гэгээлгээр бодье. Гэтэл ЭРДЭНЭТ үйлдвэрт ийм их хэмжээний шатахуун нөөцлөх сав суулга байхгүй аж. Зун өвлийн түлш, өвөл зуны түлш хэрэглэвэл тоног төхөөрөмж нь эвдрэх ноцтой эрсдэлтэй.

БАРИМТ ТАВ: ШУУД ХУДАЛДАН АВАЛТ

Х.Бадамсүрэн захирал ойрын үед АТГ-аар гүйдэлтэй байгаа. Учир нь Good Castle компаниас экскаваторын сэлбэг шууд гэрээгээр худалдан авсан асуудлаар шалгагдаж буй. Шууд гэрээ гэдэг нь тендер зарлахгүйгээр шууд худалдаад авчихаж байгааг хэлж байгаа юм. Уг нь тэгж болохгүй. Хуулиараа 50 хүртэлх сая төгрөгийн бараа ажил үйлчилгээ авах бол харьцуулалт хийх түүнээс дээш мөнгөөр бараа ажил үйлчилгээ авах бол заавал тендер зарлах хуультай.  

БАРИМТ ЗУРГАА: ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР НЭГ БИШ 61 ХЯТАД КОМПАНИТАЙ ГЭРЭЭ ХИЙЖЭЭ 

Нэг хэсэг бөөн шуугиан дэгдсэн. Эрдэнэт үйлдвэр нэг Хятад компанид 100 тэрбумын тендер өгчихлөө гээд. Шуугианыг дарах гэж Эрдэнэт Үйлдвэрийнхэн тэр тендерээ цуцалчихлаа гэж хэвлэлүүдэд мөнгө төлж мэдээлэл ХИЙСЭН.  Гэхдээ Эрдэнэт үйлдвэрийнхэн зальтай. Нэг Хятад компанийн тухай л яриад өнгөрсөн. Цаана нь нижгээд Хятад компани байгааг хэн ч яриагүй. Нийт Хятадын 61  компанитай гэрээ байгуулж, 143,760,094,000 төгрөг төсөвлөжээ.

 

Хятадын бараануудын үнэ хямд, түргэн шуурхай гэх мэт давуу тал олон. Бүр нөгөөтээгүүр худалдан авах гэж байгаа зүйлс нь Монголд байхгүй байж болно.  Гэхдээ нэг зүйлийг мартаж болохгүй. Төрийн компаниуд бараа, ажил үйлчилгээ авахдаа дотоодын компани, үйлдвэрлэлээ дэмжих журамтай. Зарим эх сурвалжуудын мэдээлснээр дээрх Хятад компаниудын маш цөөн нь туршлагатай, чанартай бараа таваар нийлүүлдэг. Ихэнх нь урьдчилгаагаа авч байж л бараагаа татдаг. Хятадууд хов зөөгөөд байхгүй тул мөнгө нугалсан ч боломжийн гэв.

БАРИМТ ДОЛОО: ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ГЭР БҮЛИЙН КОМПАНИ УУ? УЛСЫНХ УУ? 

Эрдэнэт үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэнгийн Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа гэх эмэгтэй бий.  Түүний нөхөр Д.Тамир. Д.Тамир нь Эрдэнэт үйлдвэрт ажиллаад удаж буй ч Д.Үүрийнтуяагаас сарын дараа буюу 2019 он 4-р сарын 26-нд Эрдэнэт үйлдвэрийн Инженерийн зураг төсвийн төвийн даргаар томилогдсон юм. Өөрөөр хэлбэл Д.Тамир төсөвт өртгийг гаргаад  эхнэр Д.Үүрийнтуяа гэрээг нь зурдаг гэсэн үг. Энэ нь Монгол улсад өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй НИЙТИЙН БОЛОН ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫГ ЗОХИЦУУЛАХ, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙГ шууд зөрчиж байгаа үйлдэл  юм. Д.Тамир захирлаас энэ талаар тодруулахаар өрөөнд нь орсон ч тайлбар өгөөгүй.

БАРИМТ НАЙМ: ЖИШЭЭ

Нэг жишээ татъя. Нөхөр Д.Тамир 2019 оны 10-р сард 10 тэрбум төгрөгийн барилгын  худалдан авалт хийх төсөвт өртгийг хийсэн байгаа юм. Харин эхнэр Д.Үүрийнтуяа нь үзэглэнэ. Өөрөөр хэлбэл нөхөр нь зураг төсөв гаргаад эхнэр нь мөнгийг нь зурдаг албан тушаалд эхнэр нөхөр хоёр томилогдчихоод байна гэсэн үг. Ингээд хоорондоо үгсэн тохиролцоод улсын мөнгө гувчуулах магадлал өндөр болно. Ийм л болохоор ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах хууль гэж мөрддөг. Гэхдээ энэ хууль энэ гэр бүлд, ЭРДЭНЭТ үйлдвэрт  үйлчлэхгүй байна. Энэхүү хуулийн мөрдлөгийг АТГ биелүүлэх учиртай.

 

Эрдэнэт үйлдвэр одоо хүртэл ДЭЭРХ баримтуудад ямар ч тайлбар өгөөгүй ба манай нэвтрүүлгийн багт гэрээ нэрээр мөнгө амлаж, хувийн харилцаагаар дамжуулан хүмүүсээр утсаар яриулж, нэвтрүүлгээ зогсоож болох уу? гэж хэлүүлж байв.

Онц байдал тогтоосон Л.Оюун-Эрдэнэ дарга аа, алга ташилт чинь эртдээд байна. Ахиад ч хийх ажил байна. Та улсад 1.1 их наяадыг төвлөрүүллээ гэж индэр дээрээс инээд алдаж байсан. Гэтэл тэр бүхний цаана тендергүй шууд худалдан авалтууд, тэрбумын үнэтэй хоёр байр, 353 саяын тансаг машин, гэр бүлийн компани төрийн компани нь үл мэдэгдэм ноёрхол үүсчихээд байна.

Бид дараагийн нийтлэлээр Эрдэнэт үйлдвэрт хийгдсэн 2020 оноос өмнөх онуудад хийсэн худалдан авалтуудын мэдээллийг хөндөж мэдээллэх болно.

Ц.Бат

Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     581    0