Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Японы Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Монгол Улсад айлчилж буй Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү энэ сарын 10-нд бараалхлаа.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Япон Улсын Гадаад хэргийн сайдын Монгол Улсад хийх айлчлалын давтамжийг ноён Мотэги Тошимицү хадгалж, Ковид-19 цар тахлын хүндрэл бэрхшээлтэй үед айлчлан ирснийг онцоллоо.

Уулзалтын үеэр 2022 онд тохиох Монгол Улс-Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой, уул уурхай, зам тээвэр, дэд бүтэц, худалдаа, хүмүүнлэгийн салбар дахь хамтын ажиллагааны асуудлаар санал, мэдээлэл солилцов.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бүс нутгийн стратегийн түнш, “гуравдагч хөрш” Япон Улстай тогтоосон дипломат харилцааны 50 жилийн ой болох гэж байхад хоёр орны эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа чамлалттай түвшинд байна гэлээ. Иймээс 2015 онд байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлд хичээл зүтгэл гарган ажиллах хэрэгтэй байгааг онцолж, нөөц бололцоогоо бүрэн дүүрэн ашиглах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломжуудын талаар ярилцсан юм.

Тухайлбал, хоёр орны хамтын ажиллагааг зээл, тусламжаас илүүтэйгээр хамтарсан бизнес, түншлэлийн хэлбэрээр хөгжүүлэх, ингэхдээ япон технологийг Монгол Улсад нэвтрүүлж, хамтран бүтээгдэхүүнээ хоёрдогч, гуравдагч зах зээлд гаргах, Монгол Улсад хэрэгжиж буй бүтээн байгуулалтын болон хоёр орны эдийн засгийн томоохон төсөл, хөтөлбөрүүдэд онцгой анхаарал хандуулж ажиллах талаар санал солилцов.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Япон Улсын Эзэн хаан болон Япон Улсын Ерөнхий сайдаар саяхан томилогдсон Ёшихидэ Сүга нарт халуун дотно мэндчилгээ дэвшүүлж буйг нь уламжилж өгөхийг хүслээ.

Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжууд нь монгол орны уудам тал нутаг шиг өргөн цар хүрээтэй байна хэмээн дүгнэж, хоёр орны хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулж, шинэ түвшинд гаргахын тулд хамтран ажиллахад бэлэн байгаагаа харилцан илэрхийлснээр уулзалт өндөрлөлөө.

Коронавируст цар тахлын улмаас Монгол Улсад орон даяар “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлсэнтэй холбогдуулан уулзалтын үеэр халдвар хамгааллын тусгай дэглэмийг өндөр түвшинд сахиж, зохион байгууллаа.

Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     97    0