Оюутолгойн шинэ ТУЗ-ийн ШИНЭ СОРИЛТ

Оюутолгойг тойрсон олон ээдрээтэй асуудлыг тайлах эхний гарц “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-д Монголын талыг төлөөлж буй гурван гишүүнийг чөлөөлөхөөс эхлэхээр боллоо.


Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-д  Монголын талыг төлөөлөх гишүүдэд тавих шаардлагыг өндөрсгөн, нээлттэй сонгон шалгаруулалт зарлажээ.

“Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл нь есөн гишүүнээс бүрддэгийн гурвыг Монгол Улсын Засгийн газар нэр дэвшүүлэн томилдог.

Оюутолгой төслөөс хүртэх Монголын талын өгөөжийг урт хугацаанд тогтвортой өсөн нэмэгдүүлэх эрх ашиг, эрхэм зорилгод тулгуурласан шийдвэр гаргах туршлага, мэдлэг, ойлголттой байх үндсэн шаардлага, нийтлэг болон тусгай шаардлага хангасан, санхүү, хууль, уул уурхайн чиглэлээр мэргэшсэн, өндөр мэдлэг, чадвартай хүнийг “Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлд оруулна гэдгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн хавар тодотгож байв.

Энэ дагуу сонгон шалгаруулалтыг олон нийтэд зарлаж, геологи, уул уурхай,  санхүү, эдийн засаг болон олон нийттэй харилцах чиглэлээр мэргэшсэн, англи хэлний бичгийн болон ярианы өндөр мэдлэг, ур чадвартай байх шаардлагыг ТУЗ-ийн гишүүдэд тавьжээ.

2010 оны тавдугаар сараас хойш “Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлд Монголын талаас долоон удаа, нийт 13 хүнийг томилж, чөлөөлж байжээ. Тэгвэл цаашдаа ТУЗ-ийн гишүүнийг нэг жилийн хугацаатай томилж, ажлыг нь жил бүр дүгнэж явах юм байна.

Өнгөрсөн хугацаанд Оюутолгой компанийн ТУЗ-д Монголын талыг төлөөлж байсан хүмүүс хангалтгүй ажилладаг атлаа өндөр цалин авдгийг УИХ-ын гишүүд шүүмжилсээр ирсэн. Энэ нь ч үнэний ортой. Ялангуяа олон жил ТУЗ-д төлөөлөгчөөр ажиллаж байгаа Н.Багабанди юу хийдэг нь тун бүрхэг. ТУЗ-ийн төлөөлөл гэсэн нэрийн дор өндөр цалин авдаг ч харамсалтай нь Монголын талын идэвхтэй байр суурийг тэр илэрхийлж байсангүй.

МОНГОЛЫН ТАЛ АМНАТ БОЛОН БУСАД ТАТВАРАА ХАТУУ ХЯНАЛТАД БАЙЛГАХ УУ 

Өнгөрсөн онд УИХ-ын чуулганаар Оюутолгой төслийн гэрээний хэрэгжилтэд хийсэн ажлын хэсгийг тайланг сонссон. Энэ үеэр УИХ-ын гишүүд Оюутолгой компанийн ТУЗ-ийн гишүүд юу хийсэн талаар тодруулахад, ТУЗ-ийн гишүүн Ц.Түмэнцогт “ТУЗ-д орж байгаа бүх асуудлаар дээд байгууллага буюу “Эрдэнэс Монгол”-оосоо удирдамж авч ажилладаг. Өнгөрсөн хугацаанд Монголын талын өгөөж, хувь нийлүүлэгчдийн болон санхүүжилтийн зээлийн хүү, зардал хэтрэхэд анхаарал тавьж ажилласан. Бид Монголын талын өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллаж байна” гэсэн тайлбарыг өгч байв.

Өдгөө“Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлд Ерөнхийлөгч асан Н.Багабанди, "Эрдэнэс Оюутолгой" компанийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт болон Ц.Сүхбаатар нар Монголын талыг төлөөлж байгаа. Ерөнхийлөгч асан Н.Багабандийн хувьд Оюутолгой төслийн гэрээг байгуулсан цагаас буюу 2010 оноос эхлэн МАН эрх барих бүрийд Оюутолгой ХХК-ийн ТУЗ-д томилогдсоор ирсэн “дархлагдсан” ганц хүн нь. “Эрдэнэс Оюутолгой" компанийн Гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт 2018 оны зургадугаар сард “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүнээр томилогдсон.

Сүүлд ТУЗ-ийн гишүүнээр очсон нууц эрхэм бол Ц.Сүхбаатар юм. Түүнийг оны өмнөхөн  Засгийн газраас томилсон байдаг. УИХ-ын гишүүд ч уг томилгоог бараг мэдээгүй өнгөрсөн.

Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-аас тогтоол гарч, долоон чиглэлээр хөрөнгө оруулагч талтай хэлэлцээрийн ширээний ард суух ажлын хэсгийг Засгийн газраас өнгөрсөн оны сүүлээр байгуулсан. УИХ-ын тогтоолын дагуу У.Хүрэлсүхийн Засгийн газар Оюутолгойн хөрөнгө оруулагч "Рио Тинто"-той хэлэлцээрийн ширээний ард сууж, 34 хувиа наймаалцах эсвэл АМНАТ авах хэлэлцээнд удахгүй орно. Хэлэлцээ хийх ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ахалж, гишүүдээр нь өмнөх Засгийн газрын гишүүд болох УУХҮ-ийн сайд асан Д.Сумъяабазар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ХЗДХ-ийн сайд асан Ц.Нямдорж, Эрчим хүчний сайд асан Ц.Даваасүрэн, БОАЖ-ын сайд асан Н.Цэрэнбат нар ажилласан.

Шинэ Засгийн газар байгуулагдсанаар дээрх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд мөн өөрчлөлт орж, шинээр томилогдсон зарим салбарын сайд нар ажлын хэсэгт орж ажиллаж байна.

 Хэлэлцээ хийхээс өмнө юуны түрүүнд ТУЗ-ийн гишүүдийн шалгуурыг өндөрсгөж, шинээр сонгон шалгаруулахаар болов. Ялангуяа хэлний өндөр боловсролтой,  олон улсын мэргэжлийн эрх зүйч,  эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчин, төсөл хэрэгжүүлэх эсхүл мэдээлэлд дүн шинжилгээ хийх чиглэлээр ажилласан туршлагатай, эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, болон санхүүгийн чиглэлээр дээд боловсрол, магистрийн зэрэг хамгаалсан байхаас гадна өмнө нь том төсөл удирдаж байсан зэрэг эдгээр шалгуур үзүүлэлтийг голчилжээ.

Монголын ард түмний баялгийг хянах гурван хүн Монголоо гэсэн сэтгэлтэй аливаа асуудалд дипломат байр сууринаас ханддаг тулхтай хүн байхыг ч олон нийт хүсч буй. Түүнээс биш цалин нэр хүнд, улстөрчийн намтар бүтээх гэсэн хүмүүс Монголын талыг төлөөж чадахгүй.

Оюутолгой төслийн гэрээг сайжруулахын тулд 34 хувиа зараад, оронд нь АМНАТ-аа, бусад татвараа өндөр авч мөн мөнгөн гүйлгээгээ Монголоор дамжуулах шаардлагатай гэсэн байр давамгайлдаг. Өөрөөр хэлбэл, Монголын тал АМНАТ болон бусад татвараа хатуу хяналтад байлгах.

Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-аас гарсан тогтоолд “Оюутолгой төслөөс хүртэх Монголын талын үр өгөөжийг Хөрөнгө оруулалтын гэрээ болон 2010 оны ТЭЗҮ-ийн тооцоололд зааснаар нэрлэсэн үнээр 53 хувиас бууруулахгүй байх хүрээнд Монголын талын эзэмшлийн 34 хувийн хувьцаа эзэмшлийг бүтээгдэхүүн хуваах нөхцөл, эсвэл ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах хувилбаруудыг судлан шийдвэрлэх, шаардлагатай тохиолдолд холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах тухай санал боловсруулан УИХ-д танилцуулах” гэсэн чиглэлийг тусгасан.

УИХ-ын намрын ээлжит бус чуулганаар баталсан Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт "Оюутолгойн төслийг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлж, далд уурхайг ашиглалтад оруулна” гэж заасан.

Оюутолгойн ордын нийт нөөцийн 80 хувь нь гүний уурхайд агуулагддаг. Далд уурхайн бүтээн байгуулалт 60 гаруй хувьтай үргэлжилж буй бөгөөд 2023 онд ашиглалтад оруулж, олборлолтоо эхлүүлэхээр төлөвлөсөн. Гүний уурхайн бүтээн байгуулалт цаашид тодорхой хэмжээнд удаашрах магадлалтай бөгөөд энэ нь коронавирусийн эрсдэлээс сэргийлэх үүднээс улсын хилийг хаасны дараа гадаадын нарийн мэргэжилтнүүд ирж чадахгүй мөн материалын хүлээлт зэрэг шалтгаантай холбоотой.

“Рио Тинто” компани далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийг босгохын тулд дахин 500 сая ам.долларын зээл авахаар төлөвлөж буйгаа өчигдөр /2020.09.14/ мэдэгджээ.

Ямартай ч Засгийн газар энэ ондоо багтаж "Рио Тинто"-той хэлэлцээрийн ширээний ард сууж, 34 хувиа наймаалцах эсвэл АМНАТ авах хэлэлцээнд орох нь тодорхой болж байна.

 

Эх сурвалж: Ш.Адъяамаа (news.mn)

Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     79    0