“CoVid19 халдварын тохиолдол 4-5 хоногт нэг саяар нэмэгдэж байна”

Эрүүл мэндийн яам болон холбогдох албаныхан CoVid19 цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Дэлхийн 216 улс, бүс нутагт CoVid19 бүртгэгдэж, 24 сая 173 мянган хүн өвчилж, 834 мянган хүн эндсэн байна. Харин 17 сая гаруй хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ. Дөрвөөс тав хоногийн хугацаанд өвчлөл нэг саяар нэмэгдэж байна.

 Дэлхийд 24 цагийн дотор 267 мянган хүн шинээр халдвар авч, 6000 гаруй хүн эндсэн.

Манай хөрш ОХУ-д 24 цагийн дотор 4711 гаруй хүн шинээр халдвар авч, 121 хүн энджээ.

БНХАУ-д 30 тохиолдол шинээр бүртгэгдсэний ес нь гадаад улсаас зөөвөрлөгдөн орж ирсэн.

Японд 865 хүн халдвар авч, 11 хүн энджээ. Солонгос улсад 371 тохиолдол бүртгэгдэв. Үүний 12 нь гадаадаас зөөвөрлөгдөн орж ирсэн гэж үзжээ. Тус улсад орны ашиглалт 75 хувь болсон. Тиймээс зөвхөн коронавирусийн эмчилгээ хийх төв нээлээ. Сөүл хотод сурагчдын дунд халдвар голомтлон тархсан байна. Сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоож цахим хэлбэрт шилжүүлсэн байна. Мөн парламентын үйл ажиллагаагаа зогсоогоод байна.

ДЭМБ-аас улс орнуудад нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг санууллаа. Манай орны хувьд хичээлийн шинэ эхлэх гэж байгаа учир хүүхдийн эрүүл мэндэд тавих хяналтаа сайжруулах шаардлагатай.

Европын орнуудад өвчлөл голомтлон гарч байгаа учир амны хаалт зүүх хууль эрх зүйн орчин бүрдүүлжээ. Тухайлбал, Парис хотод амны хаалт зүүгээгүй иргэдийг торгох зохицуулалттай болжээ.

Манай улсад 3722 хүн тусгаарлалтад байна. Цэргийн төв эмнэлэгт 55 хүн эмчлүүлж байгаагаас гурван хүний биеийн байдал хүндэвтэр байна” гэлээ.

Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     144    0