Нарны зургийг хамгийн ойр зайнаас буулгаснаа нийтэд үзүүллээ

Европын Сансрын Агентлаг ESA-гийн хөөргөсөн Solar Orbiter хөлөг өнгөрсөн сард нарны зургийг хамгийн ойр зайнаас буулгажээ.

Эрдэмтэд уг зургийг боловсруулж дуусгаснаа өчигдөр нийтэд үзүүлсэн байна.

Зургийг буулгахдаа Solar Orbiter хөлөг нарны гадаргаас 77 сая километрийн зайд, Буд, Сугар гарагуудын дундах тойрог замд байрлаж байжээ.

Энэ нь манай дэлхий болон нарны хоорондын зайны яг дунд байсан гэсэн үг юм. NASA-гийн хөөргөсөн Parker Solar Probe хөлөг наранд үүнээс ч илүү ойртож чадсан. Гэхдээ тийм ойр зайнаас камер ажиллуулж, зураг авах ямар ч боломжгүй юм байна.

Зурагнаас харвал нарны гадарга дээр олон сая “түүдэг гал” шатаж байдаг ажээ. Эдгээр жижиг дэлбэрэлтүүд нь нарны атмосфер буюу титмийг халааж байдаг гэнэ.

Энэхүү титмийн температур нь нарны гадаргын температураас хэдэн зуу дахин өндөр байдгийн нууц нь энэ гэж таамаглаж байна.

Европын эрдэмтэд нарны зургийг ийм өндөр чанартай буулгаж чадсандаа маш их сэтгэл хангалуун байгаа гэнэ.

Камерыг бүтээхэд голлон оролцсон Бельгийн эрдэмтэн Дэвид Бергман “Бид төсөөлж байснаасаа хамаагүй сайн чанартай зураг буулгаж чадлаа” гэж ярьжээ.

$1.5 тэрбумын зардлаар бүтээсэн Solar Orbiter хөлгийг энэ оны хоёрдугаар сард NASA-гийн тусламжтай сансарт хөөргөж байв. 

Хөлөг хоёр жилийн дотор наранд энэ удаагийнхаас ч илүү ойртох ажээ. Түүхэнд анх удаа нарны туйлуудын зургийг буулгах нь түүний дараагийн том даалгавар юм.

 

Эх сурвалж: Associated Press

Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     246    0