Сонгууль 2020: Нэр дэвшигчдэд тавигдах шаардлага

2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийн баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороо хүлээж авч эхэллээ. Ингэхдээ хуулийн хүрээнд нэр дэвшигчдэд тавигдах шаардлагын дагуу баримт, бичгүүдийн хүлээн авч буй.

Сонгуулийн хуульд зааснаар нэр дэвшигчдэд холбоотой хэд хэдэн онцлох заалтууд бий.


НЭР ДЭВШИГЧДИЙН ХОМ МЭДҮҮЛЭХ ХУГАЦАА ДУУСАВ

Энэ удаагийн ээлжит сонгуульд оролцож буй нэр дэвшигчид өөрийн ХОМ-ээ Авлигатай тэмцэх газар мэдүүлж буй. Энэ хугацаа өчигдөр 00.00 цагаар дуусгавар болов. Өчигдрийн 10.00 цагийн байдлаар нам, эвсэл, бие даагч 670 орчим нэр дэвшигч цахим сайтад ХОМ бүртгүүлэх эрхээ үүсгэсэн. Тэдгээрийн 342 нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлж, баталгаажуулаад байсан бөгөөд 00.00 цагт дуусгавар болсон учраас одоогоор эцсийн мэдээлэл алга байна.

Нам, эвслээс болон бие даан нэр дэвшиж буй хүн бүхэн ХОМ-ээ АТГ-т заавал бүртгүүлэх хуулийн зохицуулалттай ч УИХ-ын гишүүд болон ХОМ мэдүүлдэг албан тушаалтанд хамаарахгүй юм.

  • 32.4.Нэр дэвшигч энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа дууссанаас хойш гурав хоногт багтаан нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлгээ Авлигатай тэмцэх газарт мэдүүлнэ. Авлигын эсрэг хуульд заасны дагуу хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргасан этгээд хамаарахгүй.
  • 32.15.Энэ хуулийн 32.12-т заасны дагуу нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлэн Авлигатай тэмцэх газар нэр дэвшигчээр бүртгэгдсэн нийт нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг өөрийн байгууллагын цахим мэдээллийн сүлжээнд нээлттэйгээр байршуулна.
  • 32.5.Авлигатай тэмцэх газар нь нийт нэр дэвшигчид хөрөнгө орлогын мэдүүлгээ мэдүүлсэн эсэх талаарх лавлагааг энэ хуулийн 32.4-т заасан хугацаа дууссанаас хойш нэг хоногийн дотор Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ.

АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН ГЭМТ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН НЬ ШҮҮХЭЭР ТОГТООГДСОН БОЛ НЭР ДЭВШИХГҮЙ

Энэ удаагийн УИХ-ын сонгуульд оруулсан нэг өөрчлөлт бол авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшүүлэхгүй гэж хуульчилсан. Энэ заалтаар зарим иргэд Үндсэн хуулийн Цэцэд хандаж, хүний сонгох, сонгогдох эрхийг зөрчиж байна хэмээн гомдол гаргасан байдаг.

Цэцэд ирсэн гомдлыг 2020 оны тавдугаар сарын 6-ны өдөр хэлэлцэж, хуралдаанаас Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29  дүгээр зүйлийн 29.8 дахь хэсэгт “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно.”, 32 дугаар зүйлийн 32.2.9 дэх заалтад “авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байсан эсэх талаарх холбогдох байгууллагын лавлагаа.”, мөн зүйлийн 32.3.11 дэх заалтад “авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байсан эсэх талаарх холбогдох байгууллагын лавлагаа.” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй байна гэсэн дүгнэлт гаргасан юм. Харин үүнийг нь УИХ хэлэлцэж, Цэцийн дүгнэлтийг хүлээж авсан.

Өөрөөр хэлбэл, авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшүүлэхгүй гэсэн хуулийн заалт хүчин төгөлдөр хэвээр үлдэх юм.

СЕХ НЭР ДЭВШИГЧДИЙН ҮНЭМЛЭХИЙГ ЗУРГАДУГААР САРЫН 2-НД ГАРДУУЛНА

Хуулийн дагуу нам, эвслийн нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын тав хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж, тогтоол гаргана.

  • 32.1.Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийг бүртгэж, үнэмлэх олгоно.
  • 32.2.Нэр дэвшүүлсэн нам, эвсэл нь нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх хуульд заасан хугацаа дууссан өдрөөс хойш тав хоногт багтаан дараах баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ:
  • 32.2.1.нэр дэвшүүлсэн тухай хуралдааны шийдвэр, нийт нэр дэвшигчийн нэрийн жагсаалт;
  • 32.2.2.нэр дэвшигч бүрийн бичгээр өгсөн зөвшөөрөл;
  • 32.6.Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн бүртгэлтэй холбоотой холбогдох баримт бичгийн маягт, загварыг батална.
  • 32.11.Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж, тогтоол гаргана.
  • 32.12.Нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гарсан бол Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 22 хоногийн өмнө нэг өдөр олгож, нийтэд мэдээлнэ.
  • 32.13.Нэр дэвшигчээр бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш нэр дэвшигчээс татгалзахыг хориглоно.
  • 32.14.Нэр дэвшигчийн эрх нь үнэмлэх авснаар эхэлж, санал хураалтын албан ёсны дүн гарснаар дуусгавар болно.

НЭР ДЭВШИГЧ "БҮРЭН" ХАМГААЛАЛТАД ОРНО

Сонгуулийн ерөнхий хороо албан ёсоор нэр дэвшигчийн үнэмлэх гардуулсан л бол тухай нэр дэвшигч хамгаалалтад орно. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигчийн үнэмлэхтэй болсон л бол эрүүгийн хариуцлагад татах, хэрэг үүсгэх, баривчлах, саатуулах, албадан саатуулах, цагдан хорьж болохгүй болно гэсэн үг.

  • 35.1.Нэр дэвшигч өөрт шаардлагатай мэдээлэл, лавлагааг холбогдох байгууллагаас зохих журмын дагуу гаргуулан авч болно.
  • 35.2.Зөрчил болон гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл хэргийн болон зөрчлийн газарт нотлох баримттай нь баривчилснаас бусад тохиолдолд нэр дэвшигчид холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх болон зөрчил шалган шийдвэрлэх дараах ажиллагаа явуулахыг хориглоно:
  • 35.2.1.эрүүгийн хариуцлагад татах буюу эрүүгийн хэрэг үүсгэх, баривчлах, саатуулах, албадан саатуулах, цагдан хорих;
  • 35.2.2.орон байр, албан тасалгаа, тээврийн хэрэгсэл болон биед нь үзлэг, нэгжлэг хийх.
  • 35.3.Нэр дэвшигчийн нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэх, ийм агуулга бүхий хэвлэмэл материалыг нийтэд тараах, эсхүл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин дахь олон нийтийн сүлжээгээр тараахыг хориглоно.

БУСДЫН НЭР ТӨРД ХАЛДСАН БОЛ НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙ

Түүнээс гадна Сонгуулийн тухай хуульд нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах заалтууд бий. Тухайлбал, өөр намын гишүүнийг нэр дэвшүүлсэн, баримт бичиг дутуу болон хуурамчаар бүрдүүлсэн зэрэг шаардлагууд бий.

Мөн энэ удаагийн хуульд нэгэн онцлох заалт орсон нь ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш бусдын нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, ийм агуулга бүхий мэдээллийг хэвлэмэл материалын хэлбэрээр, эсхүл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин дахь олон нийтийн сүлжээгээр тараасан болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол нэр дэвшүүлэхгүйгээр заасан.

  • 33.1.8.ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш бусдын нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, ийм агуулга бүхий мэдээллийг хэвлэмэл материалын хэлбэрээр, эсхүл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин дахь олон нийтийн сүлжээгээр тараасан болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон;

Эх сурвалж: Ш.Чимэг (news.mn)

Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     90    0