Нью Йорк хотын африк, латин гаралтай оршин суугчид коронавирусийн тахалд хамгийн хүнд нэрвэгдэж байна

АНУ-д цар тахлын хамгийн том голомт болоод байгаа Нью Йорк хотын эрүүл мэндийн газар өчигдөр тус хотын дүүргүүдийг Covid-19 өвчлөлийн түвшингээр ялгаж харуулсан судалгааны тайланг нийтэд танилцуулжээ.

Ингэхдээ ZIP кодоор хуваагдсан 60 гаруй бүсийн оршин суугчдын нас баралтын хувийг тооцоолж гаргасан байна. Хотын хамгийн баян чинээлэг, цагаан арьстнууд голлон суудаг Манхеттэний Грэмерси Парк орчимд 100,000 хүн тутамд 31 хүн нас барсан нь хохирлын хамгийн бага үзүүлэлт болжээ.

Гэтэл Куинс дүүргийн Фар Рокэвэй орчимд энэ хэмжээ 15 дахин өндөр буюу 100,000 хүн тутамд 444 үхэл ноогдож байна. Энэ бүсэд оршин суугчдын 40 гаруй хувь нь африк гаралтай хүмүүс, 25 орчим хувь нь латин гаралтнууд байдаг ажээ.

“Энэ бол хот анхааралдаа авах ёстой сэтгэл түгшээсэн баримт. Бид хотын оршин суугчдын дунд баян хоосны ялгаа их бий гэдгийг өмнө нь ч мэдэж байсан. Гэхдээ энэ баримт бидний төсөөлж байснаас ч өндөр байгааг харууллаа” гэж Нью Йорк хотын эрүүл мэндийн газрын дарга Марк Левин хэвлэлд ярьжээ.

Африк болон латин гаралтай Нью Йоркчууд цалин орлого багатай, хийдэг ажил нь голдуу зайнаас гүйцэтгэх боломжгүй байдгаас өвчлөл өндөр байгааг Левин тайлбарлаж байна.

Мөн тэдгээр иргэд зай талбай багатай сууцанд олуулаа амьдардаг нь халдвар тархах эрсдлийг нэмэгдүүлж байна гэж дүгнэжээ. 

Үүнээс гадна эрүүл мэндийн үйлчилгээ авах боломж багатай байдгаас африк, латин гаралтнуудын дунд чихрийн шижин, зүрх судасны өвчлөл өндөр байдаг нь коронавирусийн халдвар хүнд тусах суурь нөхцөл болсон байна.

Сүүлийн байдлаар Нью Йорк хотын 20,800 гаруй оршин суугч коронавирусийн халдвараар нас бараад байгаа юм.

 

Эх сурвалж: Р.Төмөр Reuters (ikon.mn)

Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     91    0