Хүслийг хазаарлагч 76

Монголын гурван сая илүүтэй иргэдийг төлөөлөн төрийн эрхийг барих сунгаа эхлэхэд тун ойртлоо. УИХ-ын сонгуулийн тухай хуульд зааснаар өнгөрсөн Бямба гаригт багтаан сонгуульд оролцох нам, эвсэл нэр дэвшигчдээ зарлалаа. Эрх баригч МАН, Ардчилсан нам, “Та бидний эвсэл”, Зөв хүн электорат” эвсэл хуульд заасан буюу 76 мандатад нэр дэвшигч зоосон бол бусад нь алаг цоог байдалтай байна.

Хэдийгээр нам, эвслүүд нэр дэвшигчээ зарласан ч СЕХ-ноос нэр дэвшигчийн үнэмлэхээ авснаар сонгуульд өрсөлдөх эрх баталгаажна. Энэ эрх зургадугаар сарын 2-нд нэр дэвшигчийн үнэмлэхээ авснаар баталгаажих учиртай.

Нэр дэвшүүлэх ажиллагаа дууссанаас хойш тав хоногт багтаан нэр дэвшигчид, бие даагчид СЕХ-нд хуульд заасан шаардлагатай бичиг баримтуудыг хүргүүлэх учиртай. Нам, эвслээс нэр дэвшигчдийн хувьд:

  • нэр дэвшүүлсэн тухай хуралдааны шийдвэр, нийт нэр дэвшигчийн нэрийн жагсаалт;
  • нэр дэвшигч бүрийн бичгээр өгсөн зөвшөөрөл;
  • хэрвээ нэр дэвшигч төрийн жинхэнэ албан хаагч, төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирлаар ажиллаж байсан бол сонгуулийн жил буюу 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс албан тушаалаасаа чөлөөлөгдсөн тухай шийдвэрийн хуулбар;
  • банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүх болон арбитрын шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа болон батлан даалтын өр төлбөргүй гэдгээ Улсын Дээд шүүхийн лавлагаагаар нотолсон байх;
  • Татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх, аль нэг компанийн 51, түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өргүй болохыг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас тодорхойлсон байх;
  • Ял эдэлж байгаа эсэх талаарх цагдаагийн төв байгууллагын мэдээллийн сан хариуцсан нэгжийн лавлагаа;
  • Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байсан эсэх талаарх холбогдох байгууллагын лавлагаа зэрэг материалыг бүрдүүлж өгөх учиртай.

Мөн энэ удаагийн сонгуулиас нэр дэвшигчдэд АТГ-т ХОМ мэдүүлэхээр болсон. ХОМ-ийг нэр дэвшүүлэх ажиллагаа дуусгавар болсноос хойш гурав хоногийн дотор бөглөх юм. Тавдугаар сарын 19-ны дотор ХОМ-ээ мэдүүлэх бөгөөд тавдугаар сарын 20-нд АТГ мэдүүлгүүдийг СЕХ-нд хүргүүлнэ. Энэхүү мэдүүлгийг нэр дэвшигч СЕХ-ноос үнэмлэхээ гардан авсан өдрөөс эхлэн АТГ цахим хуудсандаа олон нийтэд нээлттэй байршуулна.

Нэр дэвшигчдэд тавигдах шаардлагуудыг хангаагүй нэр дэвшигчдийг СЕХ нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах эрхтэй. Ингэсэн нөхцөлд зөрчлийг залруулан материалаа дахин бүрдүүлж өгөх, эсвэл нөхөн нэр дэвшүүлэх боломжтой.

Эдгээр процедурын дараа буюу зургадугаар сарын 2-ны өдөр СЕХ нэр дэвшигчийн үнэмлэхийг олгосноор сонгуулийн албан ёсны сурталчилгаа эхэлнэ.

1992 онд 275, 1996 онд 302, 2000 онд 602, 2004 онд 244, 2008 онд 356, 2012 онд 544, 2016 онд 498 нэр дэвшигч УИХ-ын 76 суудлын төлөө өрсөлджээ. 2020 оны энэ удаагийн сонгуульд нийт дөрвөн эвсэл, 15 нам өрсөлдөхөө илэрхийлснээс гадна бие даан нэр дэвших хүсэлтэй илэрхийлсэн 200 гаруй горилогч байгаа нь өмнө хожид байгаагүй олон юм. Ингээд бодохоор нэг мандатын төлөө 6-7 хүн өрсөлдөхөөр байна. Мэдээж хамгийн олон өрсөлдөгчтэй тойргууд нь нийслэлийн болоод Эрдэнэт, Дарханы тойргууд байх болно. Ямар ч гэсэн хүсэлтэй хүн бүр өрсөлдөхөө илэрхийлээд авлаа. Үндсэн хуульд заасан сонгогдох эрх хүн бүрийн өмнө нээлттэй. Гагцхүү тэр эрхийг 76-даа хашуулан торгоох бүүр том эрх сонгогчдод бий. Жил жилийн сонгуулиар сонгогчид сонголтондоо илүү хариуцлагатай хандахыг уриалж, хэлж, ярьж ирсэн ч энэ эрхээ ухамсарласан нь цөөн. Сонгох эрх гэдэг бол бурууг өөрчлөх, зөвийг хөгжөөх эрх юм. Яагаад ардчилсан нийгэмд зөвхөн ардчилсан сонгуулиар л засгийн эрхийг авч болдог.

Халдварт өвчний улмаас олон нийтийн хөл хөдөлгөөнийг хязгаарласан онцгой нөхцөлд сонгууль явагдах гэж байна. Хөл хорионы дэглэм нь өмнө төдийлөн танигдаагүй нэр дэвшигчдэд олон өөрийгөө таниулахад саад болохоор байгаа бол нэгэнт олонд танигдсан нэгэнд нь давуу тал болох нөхцөлийг үүсгэж байна. Нэгэнт олон сонсогч цуглуулж, яриа сурталчилгаа хийх боломжгүй учраас хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр дамжуулан хөтөлбөрөө танилцуулах сонголтыг үлдээж байна.

Монголын улс төрийн тавцанд голлон тоглож ирсэн МАН-ын хувьд аль болох нэр цэвэр, шинэ залуу хүмүүсийг дэвшүүлэх бодлого барьсан бол Ардчилсан намын хувьд эцсийн мөчид намынхаа туг болж явсан хуучин кадруудаа өрсөлдөөнд оруулж ирлээ. Энэ хоёр намаас бусад нь МАН-АН-ыг өнгөрсөн 30 орчим жил сонгоод хөгжилд хүрсэнгүй, эрх мэдэл нь хоорондоо сүлэлдэж ордны хуйвалдаан хийж ирсэн гэсэн шүүмжийг тойрон сурталчилгаагаа хийж байна. Ялангуяа МАХН болоод ИЗНН, МУНН-ын хамтарсан “Та бидний эвсэл”-ийн хувьд энэ бол гол сэдэв нь. Өнгөрсөн 2016 оны сонгуульд гаднаас шидсэн чулуунд оногдож бутарсан ХҮН-ийн залуус энэ удаад Электорат хөдөлгөөнтэй эвсэн улс төрийн шинэ шан татахаар сэтгэл шулуудсан.

Гэвч өмнөх долоон удаагийн сонгуулийн дүнг харахад хүний хуучин нь, хувцасны шинэ нь гэсэн сонголтыг сонгогчид хийж ирсэн байдаг.

Эх сурвалж: Д.Нарантуяа (news.mn)

Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     121    0