Хятадын тэрбумтан Жэк Магийн сан Монгол Улсад тусламж илгээхээр болжээ

Хятадын тэрбумтан Жэк Магийн үүсгэн байгуулсан The Jack Ma Foundation, Alibaba Foundation сангууд шинэ коронавирусийн тахалтай тэмцэхэд нэн шаардлагатай материалуудыг Ази тивийн 10 улс оронд илгээхээр болсноо өчигдөр зарлажээ.

Монголоос гадна Афганистан, Бангладеш, Камбож, Лаос, Мальдив, Мьянмар, Балба, Пакистан, Шри Ланка улсуудын засгийн газрууд нийтдээ 1.8 сая амны хаалт, 210,000 оношлуур, 36,000 хамгаалалтын хувцас хэрэглэл тусламж болгон авахаар болсон байна.

Мөн халуун хэмжигч, уушги орлуулагч аппарат зэрэг тоног төхөөрөмжүүд Жэк Магийн тусламжид багтжээ.

Хятадын хамгийн баян эрхэм хэдхэн өдрийн өмнө Малайз, Индонез, Тайланд, Филиппин гэсэн зүүн өмнөд Азийн орнуудад тусламж үзүүлсэн юм.

Энэ долоо хоногийн эхээр тэр Африк тивийн бүх улс орнуудад тусламжийн гараа сунгасан бол өнгөрсөн долоо хоногт АНУ, Итали, Иран, Өмнөд Солонгос зэрэг улсуудад коронавирусийн оношлуур, амны хаалт зэргийг илгээж байв.

Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     118    0