Говь-Алтай аймгийн засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Ганбат: Манай аймагт өнгөрсөн хугацаанд сэжигтэй тохиолдол нэг ч гараагүй байгаа

Коронавирус өвчний халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон цаг үеийн асуудлаар Говь-Алтай аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Ганбаттай ярилцлаа. 


-Коронавирус өвчний халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлд Говь-Алтай аймаг хэрхэн зохион байгуулалт хийж ажиллаж байна вэ?

-Иргэд төрийн байгууллагаас гаргасан шийдвэрийг өнгөрсөн хугацаанд сайн биелүүлж ажиллалаа. Коронавирусээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Улсын Онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу аймагтаа тогтоол шийдвэр гаргаж ажилласан. Говь-Алтай аймгийн 18 сум, хоёр тосгонд 200 цэг дээр 1000 гаруй хүн өнгөрсөн хугацаанд хяналт тавьж ажилласан. Энэ хугацаанд зөрчил дутагдал гарсангүй. Нэг албан хаагч гурван маск гэсэн аяныг зохион байгуулж, 4200 гаруй албан хаагч энэ аянд нэгдлээ. Нийт 15 мянган маск цуглаж, зорилтод бүлгийн болон нэгдсэн эмнэлгийн албан хаагч, цагдаагийн албан хаагч нартаа маскийг хүргэсэн. Мөн аж ахуй нэгж, албан байгууллагуудаас аймгийн Онцгой комисст бэлэн мөнгө, бараа бүтээгдэхүүн, маск хандивласанд баяртай байна.

Говь-Алтай аймаг 58 мянган иргэнтэй. Манай аймагт сэжигтэй тохиолдол өнгөрсөн хугацаанд гараагүй. Онцгой, цагдаа, эмнэлэг, эрүүл мэндийн газар, төрийн албаныхан бэлэн байдлыг хангаж сайн ажилласан гэж дүгнэж байна.

-Хорио цээрийн дэглэмийг өөрчилсөн ч үргэлжлүүлэн авах арга хэмжээ юу байна?

-Аймгийн хэмжээнд зах худалдааны төвийн үйл ажиллагааг цаашид богиносгосон цагаар ажиллуулаад явна. Мөн мал төллөлттэй холбоотойгоор сумдад өвс тэжээл хүргэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн.

-Говь-Алтай аймагт хаваржилт хэр байна. Хэчнээн толгой мал хаваржиж байна вэ?

-Аймгийн хэмжээнд 7255 малчин өрхийн 3 сая 597 мянга гаруй мал өвөлжиж, хаваржиж байна. Адуу 32 мянга, тэмээ 44 мянга, үхэр 84.5 мянга, хонь нэг сая 66 мянга, ямаа 2 сая 269 мянган тоо толгой хаваржиж байна. Засгийн газрын 2019 оны 285 дугаар тогтоолоор аймгийн аюулгүй нөөцөд 280 тонн өвс, сум бүрт 50 тонн өвс, 30 тонн тэжээл бэлтгэж, бэлэн байдлыг хангаж ажилласан. Өнтэй сайхан хавар болж байна. Өвөлжилт хүндрээгүй өнтэй сайхан байлаа. Аймгийн хэмжээнд нэг сая 520 мянга гаруй эх мал төллөхөөс одоогийн байдлаар 45.6 мянган мал төллөөд байгаа. Төл бойжилт 99.5 хувьтай байна. Тэгэхээр өвөлжилт, хаваржилт сайн болсон. Малчдын сэтгэл тэнүүн байна.

-Говь-Алтай аймагт энэ жил ямар томоохон бүтээн байгуулалт өрнөх вэ?

-Томоохон ажлуудыг цаг тухай бүрт нь хэрэгжүүлэхээр төлөвлөөд ажиллаж байна.

Гэгээн нуураас Алтай хот руу ус татах “Тайшир Алтай” төслийн ажил 58 хувьтай байна. Зургаадугаар сар гэхэд гүйцэтгэл нэлээн сайн болчих болов уу гэсэн бодолтой байгаа. Мөн Баянхонгор - Говь-Алтайг холбосон хатуу хужилттай замын ажил 50 гаруй хувьтай явж байна. Замын далангийн ажил нь хийгдсэн. Дулаан болохоор замын хучилтын ажлууд хийгдэнэ. Алтай хотод Дулааны цахилгааны станц барихаар төлөвлөөд Эрчим хүчний яамнаас худалдан авах ажиллагааг зарласан байгаа.

Удахгүй орон нутгийн болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлууд эхлэнэ. Мөн энэ жил Алтайчуудын маань 80 жилийн ой болно. Ойн хүрээнд Алтай хотод 3500 хүний суудалтай стадион барихаар төлөвлөж байна.  

-Аймгийн 80 жилийн ойг хэрхэн тэмдэглэх вэ?

-Говь-Алтай нутгаас олон сайхан зохиолч, уран бүтээлчид төрөн гарсан нутаг. Тухайлбал, нэрт зохиолч Чадраабалын Лодойдамба, Лодонгийн Түдэв, зураачдын төлөөлөл болсон Марзан Шарав, бөхчүүдийн төлөөлөл болсон Ш.Батсуурь аварга, Монгол Улсын нэрт шатарчин Т.Үйтүмэн гээд олон алдартны өлгий болсон нутаг. Тиймээс алдартнуудаар бахархсан 80 жилийн ойн баярыг тэмдэглэхээр Ажлын хэсэг дээр ярьж байна.

 

 

Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     344    0