Банк дампууруулах технологийн шинж тэмдэг “Чингис хаан” банкинд илэрлээ

“Чингис хаан” банк үйлчлүүлэгчдийнхээ хадгаламжийг Капитрон руу шилжүүлж эхэлжээ. “Чингис хаан” банкны хувьцааг Монгол Улсын Ньюстандарт финанс хязгаарлагдмал хариуцлагатай компани эзэмшдэг. Ньюстандарт финанс хязгаарлагдмал хариуцлагатай компанийн өмчлөгч нь Монгол улсын иргэн Д.Батаа, Ш.Бүтэд, Ц.Баярсайхан нар юм. Тодруулбал,  нийт хувьцааны 46 хувийг иргэн Д.Батаа, 31 хувийг Ш.Бүтэд, 23 хувийг иргэн Ц.Баярсайхан нар эзэмшдэг гэсэн үг.

Эх сурвалжийн өгүүлснээр, Банкны 46 хувийг эзэмшигч Д.Батааг М.Энхболдын хотын фракцын хүн. Бизнесийн хүрээнд  “Стандартын” Батаа гэгддэг. Түүнчлэн Туул голын эрэг дагуух “Ривер гарден” хотхонтой залгаа “Хан хийлс” хотхоноо “Чингис хаан” банкны дэмжлэгтэйгээр ашиглалтад оруулсан гэх мэдээллээс гадна Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатарын баз хүргэн аж.

Эргэн сануулахад, 2011 онд Н.Хүрэлбаатар ЭМЯ-ийн ТНБД, ЭМ-ийн сайдаар ажиллаж байх үед хэдэн сая юань буюу хагас тэрбум төгрөгтэй сейфээ хулгайд алдан энэ их мөнгөнийнхөө эх сурвалжийг тайлбарлаж чадахгүй УМБГ болон АТГ-т шалгагдаж байхад энэ их мөнгийг “миний мөнгө” хэмээн мэдүүлж байсан ч тухайн үед энэ мөнгөний эх үүсвэрийг тайлбардаж чадаагүйгээс авилга болон мөнгө угаасан байж болзошгүй хэрэгт шалгагдаж байсан хүн нь “Стандарт” Батаа.

Харин тус банкны 31 хувийг эзэмшигч Ш.Бүтэд нь банкны хэмээн нэрлэгддэг Шүхэртийн охин. “Нүүдэлчин” группийн ТУЗ-ын дарга. Бүр тодруулбал, Барилга хот байгуулалтын дэд сайд асан Шүхэртийн Лхамсүрэнгийн төрсөн эгч. Мөн УИХ-ын гишүүн, БСШУ-ны сайд асан д Ё.Отгонбаярын хадам эгч.

Тэгвэл “Чингис хаан” банкны 23 хувийг эзэмшигч иргэн Ц.Баярсайхан гээч нь Барилга хот байгуулалтын дэд сайд асан Лхамсүрэнгийн үүсгэн байгуулсан “Мондулаан трейд” ХХК-ийн хувьцаа эзэмшигч.

Дашрамд тэмдэглэхэд, “Чингис хаан” банкийг анх 2001 онд ОХУ-ын хөрөнгө оруулагчид байгуулж, ТУЗ-ийн даргаар нь С.Громов гэх эр ажиллаж байсан. Товчхондоо,  манай улсын хамгийн анхны гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай банк болж байсан ба 2015 оноос 100 хувь үндэсний хөрөнгө оруулалттай банк болсон түүхтэй. Харин хожмоо хөрөнгөө  Казакстан руу татсан.

Эцэст нь тэмдэглэхэд, банк дампуурахад хэн “хождог” вэ? Өнгөрсөн онд Капитал банкыг дампууруулаад жирийн иргэд эрсэдсэн мөнгөө аваагүй өнөөдрийг болтол хохирогч болсоор яваа бол дампуурсан банкны данс дээр эргэлдэгчид нь эрх мэдэлтэн, нам эвсэл, улс төр, бизнесийн хүрээнийхэн байдаг. Нөгөөтэйгүүр 2020 онд дахиад ч банк дампуурна гэж шуугиад байсны нотолгоо нь Чингис хаан банк болж байх шиг. Угтаа банк бол эрсдлээ бүрэн тооцдог салбар… Банкийг иргэд дампууруулдаггүй.  Гагцхүү эрх мэдэлтэн, нам эвсэл, улс төр, бизнесийн хүрээнийхэн банкаар дамжуулаад Монгол Улсын тодорхой газар нутаг, газрын хэвлий дэх эд баялаг, Төрийн өмчийн хөрөнгийг барьцаалж байгаад хэдэн зуун тэрбумын зээл авдаг. Эцэстээ төр эрсдлийг нь үүрдэг. Танил болтлоо давтагдсан банк дампууруулах технологийн шинж тэмдэг Эзэн Чингэсээр нэрлэгдсэн банкинд илрээд эхэлчихлээ…

Сэтгүүлч З.Сүхээ

http://dailynews.mn

 
Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     4217    0