"Эрдэнэс-Тавантолгой" ХК нүүрс тээврийн жолооч нарыг хот руу татаж эхэллээ

Гашуунсухайт боомтоос 130 км-ийн цаана коронавирусний халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор Улсын онцгой комисс гуравдугаар сарын 2-ныг хүртэл Гашуунсухайт, Шивээхүрэн, Бичигт, Булган боомтоор нүүрс экспортлохыг хориглосон.

Үүний дагуу “Эрдэнэс-Тавантолгой” ХК Тавантолгой - Цагаан хадны чиглэлд нүүрс тээвэрлэдэг жолооч нарын эрүүл мэндэд анхаарал тавьж, хот болон орон нутаг руу буцаах ажлыг эрчимжүүлэхээр тээврийн компаниудтай хамтран ажиллаж байна.

Тус компани 200 гаруй тээврийн аж ахуйн нэгжтэй хариуцлагын гэрээ байгуулан ажилладаг бөгөөд эдгээр аж ахуйн нэгжид 15 мянга орчим жолооч нүүрс тээвэрлэлт гүйцэтгэдэг.

Өнөөдрийн байдлаар Тавантолгойн ордод 1700 орчим жолооч ажиллаж байгаа бөгөөд хорио цээрийн дэглэмтэй холбоотойгоор тэдгээр жолоочийг хот руу болон орон нутаг руу нь буцаах ажлыг эрчимжүүлэх юм.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК жолооч нарын эрүүл мэндэд хяналт тавьж, нэг удаагийн маск, ариун цэврийн хэрэгсэл, дархлаа сайжруулах, амин дэм олгох тэжээлийн бүтээгдэхүүнээр хангаж байгаа бөгөөд энэ удаа 100 сая орчим төгрөгийн өртөг бүхий шаардлагатай эд зүйлсийг жолооч нарт хүргэж өгчээ.

Түүнчлэн компанийн эмч нар жолооч нарт шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх талаар заавар зөвлөгөө өгч, цаашид тээвэр эрхлэгчидтэй тогтмол холбоотой байж, тэдний эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахад бүх талаар дэмжлэг үзүүлэн ажиллах юм.

 

 

 

Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     178    0