ХӨСҮТ: БНХАУ-аас ирсэн 6 оюутнаас коронавирусний халдвар илрээгүй

Хунань мужийн Чанша хотоос Бээжин-Улаанбаатар чиглэлийн онгоцоор энэ сарын 13-нд ирсэн зургаан оюутнаас шинэ коронавирусний халдвар илрээгүй хэмээн ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит мэдээллийн үеэр хэллээ.

Тэрбээр, “ХӨСҮТ-д дээрх 6 оюутнаас гадна 2 хүн, Архангай аймагт 1 нийт 9 иргэнийг энэ сарын 13-ны өдөр тусгаарласан. Шинжилгээгээр тэднээс шинэ коронавирусний халдвар илрээгүй. Өчигдрийн байдлаар ХӨСҮТ-д 3, Завхан аймагт 1, Налайх дүүрэгт 1 иргэнийг тусгаарлаад байна. Түүнчлэн БНХАУ-ын Ухань хотоос ирсэн оюутнуудыг өнөөдөр ХӨСҮТ-өөс гаргалаа” гэлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: “Завхан аймагт өчигдөр коронавирусний сэжигтэй тохиолдол илэрсэн долоон настай хүүхдийг тусгаарласан. Шинжилгээний сорьц өнөө өглөө ирсэн. Одоо шинжилгээ хийж байна. Мөн аав ээж нь тусгаарлагдсан. БНХАУ-ын Эрээн хотод амьдардаг, хятад аавтай, монгол ээжтэй гэр бүл байна” гэв.

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, “ Дэлхий дахинд шинэ коронавирусний халдварын тохиолдол 2277, нас барсан 143, эдгэрсэн 1194 иргэнээр тус тус нэмэгдсэн. Мөн Япон улсад нэг хүн нас барсан. Энэ нь БНХАУ-аас гадна шинэ коронавирусний халдвараар нас барсан 2 дахь тохиолдол болж байна.  Иргэдэд зориулсан олон төрлийн санамж гарч байна. Жишээлбэл, аялаад ирсэн хүмүүс юуг анхаарах хэрэгтэй вэ, гэр бүл, хувь хүн хэрхэн өөрсдийгөө хамгаалах зэрэг гурван төрлийн санамж хуудсыг иргэдэд хүргэж байна. Түүнчлэн хүүхдэд зориулсан “Мэндээгийн аялал” нэртэй 2 төрлийн хүүхдийн нэвтрүүлэг гаргаж байна” хэмээлээ. 

П.Хүслэнтуяа

Эх сурвалж: https://montsame.mn/mn/read/216108

Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     88    0