Албан тушаалтнуудын анхаарал татсан хэргүүд юу болов?

Нэг хэсэг дуулиан тарьж нийгмийн анхаарлыг татаж байсан албан тушаалтны хэргүүд  он дамжин шалгагдаж дуусах шатандаа орсон тухай АТГ, Нийслэлийн прокурорын газраас мэдэгдэж байсан. Тэгвэл өнөөдрийн байдлаар  хэн гэдэг албан тушаалтны хэрэг байцаалтын явцад нотлогдсон, хэн нь ял завшиж хөөн хэлэлцэх хугацаагаа дуусгаж хаалгасан тухай мэдээллийг нэхэн сурвалжилж байна.

Н.Золжаргалыг үндэслэлгүй хөрөнгөжсөн эсэхийг тогтооно

Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг АТГ-аасалбан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт яллагдагчаар татан шалгаж,  шүүх рүү шилжүүлээд байгаа. Түүнийг Худалдаа хөгжлийн банк болон Улаанбаатар хотын банканд бага хувийн хүүтэй зээл олгосон, “Эрдэнэ үйлдвэр”-ийн 49 хувийг “Монголын зэс корпорац” ХХК-ийнхан авахад Монголбанк баталгаа гаргаж өгсөн гэсэн үндэслэлээр шалгаж буй. Түүнчлэн албан тушаалын байдлаа ашиглан үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх хэрэг ч нэмэгдээд байгаа. Эх сурвалжийн мэдээллээр Н.Золжаргал нь Австрид үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан, төрсөн ах Н.Жаргалсайханыхаа хүүхдүүдийн нэрээр Австри улс руу мөнгө шилжүүлж үл хөдлөх хөрөнгө худалдан авсан нь прокурорын шалгалтын явцад тогтоогджээ. Тиймээс түүнийг үндэслэлгүй хөрөнгөжсөн хэрэгт яллагдагчаар татсан хэргийг энэ сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн танхимд шүүнэ.

Д.Дорлигжавт холбогдох авилгын хэргийг сэргээнэ

Хууль зүйн сайд асан, Улсын ерөнхий прокурорын албан тушаалыг нэг хэсэг хашиж байсан Д.Дорлигжавыг “Алтан дорнод Монгол” ХХК-ийн ерөнхий захирал Т.Ганболдоос их хэмжээний ам.долларын авилга авсан хэрэгт  буруутгасан ч шалгалтын явцад хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хаагдсан байдаг. Хэргийн талаар сануулахад, Д. Дорлигжав нь өөрийн төрсөн дүү Д.Баатарын “Рекат Монголиа” ХХК-ийн “Голомт” банкны дансаар  дөрвөн сая ам.долларыг  Т.Ганболдын “Эн Ар Ай” (NRI), “Пайонеринг интернэйшнл” компаниас  гурван удаагийн гүйлгээгээр шилжүүлж авсан хэрэгт шалгуулсан юм. Уг хэрэгт түүний төрсөн дүү Д.Баатарыг хамтрагчаар татсан ч хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар хавтаст хэрэг хаагдсан. Тэгвэл саяхан УИХ-ын чуулганаар Эрүүгийн хуульд   хөөн хэлэлцэх хугацаанд орсон өөрчлөлтөөр уг хэргийг дахин шалгах эрх зүйн орчин бий болжээ.

Б.Батзоригийн хэрэг гацав

ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг  тэргүүтэй УИХ-ын зарим гишүүн ЖДҮХС-гаас албан тушаалаа ашиглан их хэмжээний зээл авсан гэх хэрэгт татагдсан. Нэг хэсэг нийгмийн анхаарлыг татсан уг хэргийн тухайд   хөнгөлөлттэй зээл авахдаа бусдад давуу байдал олгож өндөр албан тушаал хашиж буй хүмүүсийн хамаарал бүхий компаниудад зээл олгосон гэх үндэслэлээр хавтаст хэрэг үүсгэсэн. Уг хэрэгт тухайн үед ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Д.Энхбат, ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг болон тус сангийн ерөнхий нягтлан нарыг яллагдагчаар татан хорьсон тухай мэдээллүүд тархаж байв. Тэгвэл  уг хэрэгтНПГ-аас яллах дүгнэлт үйлдэж шүүх рүү шилжүүлэх байсан ч өдгөө сураг тасарсан.

Төрийн банкны захирал асан Д.Баярсайхан яллуулав

Төрийн банкны захирал асан Д.Баярсайханыг албан тушаалын хэргээр Чингэлтэй дүүргийн шүүхээс хоёр жилийн ялыг өнгөрөгч оны арван хоёрдугаар сард оноосон. Түүнтэй хамт шалгагдсан Сун Гуан Чинд  хоёр жилийн хугацаагаар хорих ял, тус банкны захирлууд болох Б.Цэндсүрэнд гурван жил 6 сарын хугацаагаар хорих ял оноож, Нийтийн албан тушаал эрхлэх эрхийг таван жилийн хугацаагаар хасах, Г.Тогтохбаатарт жил 6 сарын хугацаагаар хорих ял оноож, Нийтийн албан тушаал эрхлэх эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасах хүртэл шийтгэл оногдуулсан юм. Сануулахад, Төрийн банкны ерөнхий захирал Д.Баярсайханыг 2016-2017 онд тус банкны Зээлийн ерөнхий хорооны даргаар ажиллаж байхдаа өнгөрөгч 2017 оны зургадугаар сарын 23-нд 55/01 дугаартай шийдвэр гаргаж, БНХАУ-ын “Шинжан шинфан” компанид 20 тэрбум төгрөгийн зээлийг зургаан сарын хугацаатай олгосон. Эргэн төлөгдөх хугацаа нь 2017 оны арван хоёрдугаар сарын 22-нд дууссан ч дээрх компани одоо хүртэл зээлээ төлөөгүй. Уг зээлийг олгохдоо Д.Баярсайхан Банкны тухай хууль зөрчсөн хэрэгт татагдан шүүгдэж ийнхүү ял авсан юм.

Сайд асан З.Баянсэлэнгийг шалгаж байна

Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэргээр З.Баянсэлэнгэд  ял төлөвлөж, шүүх хурал нь өнгөрөгч оны аравдугаар сарын сүүлээр болж цагдан хоригдож байв. З.Баянсэлэнгийн хэргийн тухайд, Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж "Бэрэн групп" ХХК-ийн барьсан "Хангай" хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүйгээр худалдан авч, улсын төсөвт 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй гэх хэрэгт шүүгдээд байгаа. Уг хэрэгт нийтдээ 11 хүн холбогдож 20 гаруй өмгөөлөгч ажиллаж байгаа юм.

Н.Бүжин

Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     714    0