Нэн ховор Алтайн хойлог шувуу, бугын чив болон тарваганы тулам тээвэрлэж явсан зөрчлүүдийг илрүүлжээ

Нэн ховор хойлог шувуу, тул загас, бугын чив, тарваганы тулам тээвэрлэж явсан дараах зөрчлийг Тээврийн цагдаагийн албаны Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн газрын алба хаагчид илрүүлэн Зоонозын өвчин судлалын үндэсний төв болон Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Зөрчлийн тухайд:

2020.01.10-ны өдөр Хөвсгөл аймгийн улсын дугаартай Toyota prius маркийн автомашиныг зогсоон шалгахад хөлдүү тул загас 3 ширхэг, бугын чив 5 ширхгийг тээвэрлэж явсныг,

2020.01.12-ны өдөр Ховд аймгийн улсын дугаартай Mitsubishi Fugo маркийн автомашины зогсоон шалгахад хөлдөөсөн тарвага 9 ширхэгийг тээвэрлэж явсныг,

2020.01.12-ны өдөр Говь-Алтай аймгийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад Алтайн хойлог шувуу 1 ширхэг, тарвага 9 ширхэг тээвэрлэж явсныг тус тус илрүүлсэн байна.

Монгол улсын Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйл.Хууль бусаар ан агнах

1.Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

ЭХ СУРВАЛЖ: ТЦА

 

Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     1099    0