ТОДРУУЛГА: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т шалгалт орсон нь үнэн. Гэхдээ удирдлагуудын ажлыг зогсоосон, бичиг баримт битүүмжилсэн зүйл байхгүй

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т Онцгой дэглэм тогтоосноос хойш арван сарын дараа Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг тус үйлдвэрт өнгөрсөн долоо хоногт ажиллажээ. Шалгалтын талаар “Эрдэнэт” ТӨХГ-ын  Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д,Үүрэнтуяагаас тодрууллаа.

-Эрдэнэт үйлдвэрт АТГ,ТЕГ-аас шалгалт орж үйлдвэрийн өрөө тасалгаа, албан баримтыг битүүмжиллээ гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдаад байна. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Ерөнхий сайдын өнгөрөгч 2016 оны арван хоёрдугаар сарын 27-ны өдрийн 178 дугаар захирамж гарч, Монголросцветмет болон Эрдэнэт үйлдвэрт өнгөрсөн гуравдугаар сард Онцгой дэглэмийн хугацаанд ямар үр дүнтэй ажилласан бэ гэдгийг шалгах, санхүүгийн иж бүрэн шалгалт хийх ажлын хэсгийг томилсон байгаа. Энэ хүрээнд ЗГХЭГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу санхүүгийн хяналт шалгалтын үйл ажиллагаа өчигдөр Эрдэнэт үйлдвэрт эхэлсэн. Шалгалт үргэлжилж байна. Гэхдээ Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагааг битүүмжилсэн, удирдлагуудын ажлыг зогсоосон, бичиг баримт битүүмжилсэн зүйл байхгүй.

- Хүчний байгууллага, төрийн байгууллагуудын нэлээн өргөн бүрэлдэхүүнтэй шалгалт хийж байна гэж ойлгож болох уу?

-Шалгалтын ажлын хэсгийнхэн нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй ирсэн байгаа. Сангийн яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар зэрэг төрийн захиргааны төв байгууллагууд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон хууль хүчний байгууллагуудаас АТГ, ТЕГ, ЦЕГ оролцсон ажлын хэсэг ажиллаж байна. Ажлын хэсэг, Эрдэнэт үйлдвэрт “Онцгой дэглэм” тогтоосон 2019 оны гуравдугаар сараас хойших хугацааны санхүүгийн үйл ажиллагаа хууль тогтоомжийн дагуу явагдсан эсэх, худалдан авах үйл ажиллагаа дүрэм журмын дагуу хийгдсэн зэргийг шалгаж, үнэлэлт дүгнэлт өгөх чиглэлтэй ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас тогтоосон, дараа нь УИХ-ын чуулганаар дахин 6 сараар сунгаад буй “Онцгой дэглэм”-ийн үед “Монголросцветмет”, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-уудын үйл ажиллагаа ямар үр дүнтэй ажиллаж байна вэ гэдгийг үнэлж, дүгнэлт өгнө гэж хэлж болно.

-Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд 100 орчим тэрбум төгрөгтэй нэр холбогдсон. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Эрдэнэт үйлдвэрийн тендерийн үйл ажиллагаа хууль тогтоомжийн хүрээнд явагдаж байна. Бид 2019 оны худалдан авалтын үйл ажиллагааны тайланг гарган холбогдох төр захиргааны байгууллагуудад хүргүүлсэн. Өмнө нь бид тайлангаа урьдчилсан байдлаар бэлтгэж хүргүүлсэн бол өнөөдрийн байдлаар эцэслэн гаргаж дууслаа. Худалдан авах үйл ажиллагаатай холбоотой үнэн зөв мэдээллийг цаг тухай бүрт нь бид хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хүргэж байна. Эрдэнэт үйлдвэр ямар нэг байдлаар хууль тогтоомж зөрчин тендер зохион байгуулсан тохиолдол байхгүй. Худалдан авалтын мэдээллийг цахим тендерт байршуулан, үнэлгээний хороо хэрхэн ажиллах зарчмын дагуу явуулж байна.

Н.Бүжин

 

Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     611    0