Р.Эмүжин: Чинбат сүүлийн арван жил байнгын эмчилгээтэй байсан

"Sweetymotion” хамтлагийн продюсер, “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин Б.Чинбат, түүний гэргий “Sweetymotion” хамтлагийн дуучин Ц.Сарнай нар БНСУ-ын Сөүл хотноо элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орж, үргэлжлүүлэн эмчилгээ  хийлгэж байгаа юм. Тэдэнд зориулан сэтгүүлч Р.Эмүжин ингэж бичжээ.

Ардын урлагийн аргагүй сайхан аялгуунд аргадуулж өссөн Чинбат. Хуучир хөгжмийн мастер, МУГЖ Батмөнхийн хүү, шанзчин ээжийн амин үр. Чинбат бол яах аргагүй Б.Шарав, Н.Жанцанноров нарын дараа Монголын хөгжмийн урлагт ирсэн сод авъяастан, сор болсон хөгжимлөг нэгэн. Түүний ертөнц даруухан, бас яруухан. Тэр бидний л адил төрийн дэмжлэггүйгээр төгөлдөр ялгуун ертөнцийг бүтээх гэж зүтгэдэг урлагт дурлагч, урлагийг үйлдвэрлэгч. Чинбат л Sweetemotion-ы дөрвөн охиныг дагуулан Холливудыг зорьж, Чинбат л дэлхийн Soul хөгжмийн хатан хаан гэгддэг дуучин Aretha Franklin-ий студид хөгжмийн найруулагчаар ажиллаж, Чинбат л Нью Иоркийн шилдэг шоу Big apple-ыг бүтээлцэж, Чинбат л Mandela day алдарт концертонд тоглосон…эх орондоо ирээд “Давтагдашгүй”, “Эзлэн”, “Хязгааргүй” хөгжмийн бүрэн хэмжээний тоглолтуудаа хийсэн. Аавынхаа дурсгалд зориулсан ” Сэтгэлийн гуйлга” дуунаас эхлээд Чинбат дуу болон хөгжмийн зохиолуудаа ардын болон симфони оркестр…уламжлалт болон шинэ үеийн бүх хөгжмийн зэмсгүүдийг уйлуулан байж зохиодог. Бас Чинбат л Монголын хамгийн сайхан бүсгүйг хайрлаж, дурлаж, дурлуулж, гурван сайхан хүүхдийн аав, ээж болсон…тэгээд дээр нь юу гээч, тэд нийгмийн хариуцлагаа ухамсарлахыг залууст уриалж, Нийслэлийн шилдэг татвар төлөгчөөр шалгарсан…харин одоо…тэд шинэ цагийн хайрын түүхийг бүтээж байна…хүүхэд байхдаа тариурнаас шар өвчин авч, дахиад л тариурнаас элэгний вирус халдварлаж, сүүлийн 10 жил байнгын эмчилгээтэй байсан эр нөхөртөө Сарнай элгээ эмтэлж өгсөн…

Гэрэлт зүрх минь

Гэнэн сэтгэлт минь

Яагаад ийм гэгэлгэн юм бэ, чи минь

Яагаад ийм яруухан юм бэ…Тэр жүжгийн дуу ингэж үргэлжилдэг. Сарнай тайзан дээр дуулж байхдаа Чинбатаас харцаа ганц ч хором салгаагүй яг тэр мөчүүд санаанаас огтхон ч гардаггүй юм. У.Шекспирийн “Ромъео, Жульетта”-гийн хөгжмийг морин хуураар эхлүүлсэн тэр л Чинбат…Солонгосын эмнэлэгт үлдэх, үрэгдэхээ дэнслэн хэвтэж буй хос хоёр зүрх, холбоо хоёр тавилан…

…Мянган жил чи намайг хайрлаж чадах уу

Маргааш хагацах юм шиг надад дурлах уу, хонгор минь…би тэр шүлгийг зөвхөн тэдэнд зориулан бичсэн юм шиг л санагдаж байна. Чинбат, Сарнай хоёртоо, тэдний хүүхдүүдэд аав ээжийг нь авч үлдэхийн төлөө, тэгээд бас гэгээн хайр, гэрэлт зүрхнийх нь төлөө Хаанбанк 5212071351 Ц.Сарнай дансанд мөнхийн хайрын бэлгэдэл болгон сэтгэлийн өглөгөө шилжүүлээрэй…Хайрласан, хайрлуулсан зүрх болгонд тэднийхтэй адил үүрдийн үнэн, үргэлжийн гэгээн хайрыг ерөөе!

Р.Эмүжин

Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     752    0