Хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан хэргүүдийг шалгах боломжтой боллоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа.

Хуулийн төслийн талаарх  Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хураалт явуулснаар тус хуулийн төслүүдийг батлахыг гишүүдийн олонх нь дэмжлээ.

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж баталснаар  гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдөх юм байна. Үүнтэй холбогдуулж 2017 оны долдугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны нэгдүгээр сарын … /хууль батлагдсан өдөр/ өдрийн хооронд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр мөрдөн байцаалтын шатанд, прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болсон Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан гэмт хэргийг сэргээн шалгахаар төсөлд тусгасан байна.

Түүнчлэн дээрх хугацаанд шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болсон Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан гэмт хэргийг сэргээн шалгахаар төсөлд тусгасан байна. Мөн мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй байхаар, Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хуулийг буцаан хэрэглэх зохицуулалт үйлчлэхгүй байхаар төсөлд тус тус тусгасан

Ажлын хэсэг нэгдүгээр сарын 07-ны өдөр хуралдаж, төслүүдийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийжээ. Түүнчлэн нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгийн үеэр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган, төслүүдийн эцсийн хувилбарыг бэлтгэсэн гэв. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т заасны дагуу хууль хоорондын зөрчлийг арилгах зорилгоор хуулийн төсөл болон холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг бэлтгэн томьёолсон байна.

Үргэлжлүүлэн чуулганы хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэллээ.

Эх сурвалж:УИХ

Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     135    0