"Утгын чимэг" богино өгүүллэгийн наадамд Д.Норов түрүүлжээ

Монголын зохиолчдын эвлэлийн 97 жилийн өдөр зохион байгуулсан "Утгын чимэг" богино өгүүллэгийн наадам төрийн шагналт зохиолч Далхаагийн Норов түрүүлжээ. Тэрээр ийнхүү "Утгын чимэг" наадамд гурав дахиа түрүүлж байгаа ажээ. Энэ жилийн "Утгын чимэг" наадмыг Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, "Утгын чимэг" наадмын хошой тэргүүн шагналт зохиолч Д.Намсрайгийн нэрэмжит болгон зохион байгуулснаараа онцлог байв. Наадамд 65 өгүүллэг ирснээс хоёрын даваанд шигшигдэж үлдсэн 10 өгүүллэгийг уран уншигчид уншсан байна.

Наадмын тэргүүн байрт төрийн шагналт зохиолч Далхаагийн Норовын "Хэрээний нулимс" өгүүллэг шалгарсан бол дэд байрт МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч Пүрэвхүүгийн Батхуягийн "Цаггүй газар" өгүүллэг, гуравт Соёрхын Пүрэвсүрэнгийн "Аав, хүү хоёр" өгүүллэг шалгарчээ. "Утгын чимэг-2019" наадмын "Шилдэг уран уншигч"-аар Соёлын тэргүүний ажилтан А.Даваа тодорсон байна.

"Утгын чимэг" наадмын тэргүүн байрын шагнал хүртсэн төрийн шагналт зохиолч Д.Норов "Д.Намсрай бид хоёр Д.Нацагдоржийнхоо "Шувуун саарал", "Хуучин хүү", "Хөдөө талын үзэсгэлэн" шиг өгүүллэгүүд бүтээе хэмээн энэ наадмыг санаачилж байлаа. Харин тийм өгүүллэгүүдийг Д.Намсрай маань л бичиж үлдээсэн юм шүү" хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.

Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     199    0