76-гаас НАЙМАН ГИШҮҮН яллагдагчаар татагдаж, нэг нь шоронд оржээ

2016-2020 онд УИХ-д сонгогдсон 76 гишүүнээс нэг нь хэдийнэ “аавын хаалга” татаж, зургаа нь яллах тогтоол үйлдүүлж, нэг нь яллах тогтоолоо хүчингүй болгоод байна. Үндсэндээ энэ парламентаас НАЙМАН ГИШҮҮН яллах тогтоол үйлдүүлэх хэмжээнд гэмт хэрэгт холбогджээ.

Үйлдсэн хэргийн тухайд, нэг нь хүчин, нөгөө хэд нь “жидүү”. МАН парламентад олонх болсон түүхэн хугацаандаа гишүүд нь улаан мах, хулгайн хэрэг, хүн амины хэргээр гэрчээр мэдүүлэг өгөх явцдаа худлаа “залсан”, эмэгтэй хүнд гар хүрсэн зэрэг үйлдлүүдээр яллагдагчаар татагдсан нь туйлын тоогүй.

Д.ГАНТУЛГА: УИХ-д хамгийн залуу гишүүн асан Д.Гантулга  хүчин, хүчиндэхийг завдсан гэх хоёр үндэслэлээр шүүгдэн, хоёр жилийн ял аваад байна. Тэрбээр давж заалдахаа мэдэгдсэн хэдий ч шүүх түүний ялыг хөнгөрүүлэх эсэх нь асар тодорхойгүй байгаа юм. Хэнтий аймгийн 42-р тойрог парламентад төлөөлөлгүй 2020 оныг сонгуулийг угтаж байна.

Б.БАТЗОРИГ: ХХААХҮЯ-ны харьяа ЖДҮХС-гийн нэн хөнгөлөлттэй зээлийн асуудлаар шалгагдсан сайд асан Б.Батзориг нар ХЭРГЭЭ ХҮЛЭЭЖ, ХЯЛБАРШУУЛСАН ЖУРМААР шийдэж өгөх хүсэлтийг  гаргаж, прокурор хүлээж авахаас татгалзаад буй. Нэгэн ёсондоо тэр  хулгай хийснээ хүлээн зөвшөөрсөн гэсэн үг. Түүнд найман жилийн хорих ял төлөвлөөд байсан ч хоёр жил болгон бууруулах тохироог хөшигний ард хийсэн гэгдэж буй. Тэрбээр гэм буруугаа хүлээн зөвшөөрчихсөн мөртлөө УИХ-ын гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлсээр яваа юм.

Б.УНДАРМАА: ХОМ-тээ 100 орчим ААН-д ямар нэгэн байдлаар хамааралтай гэдгээ дурдаж өгсөн. Тэрбээр зориуд гэмээр нөхцөл байдалд банкаа оруулж, дампуурлыг нь зарлуулаад, өөрөө уснаас хуурай гарсан нэгэн билээ. Түүнийг өнгөрсөн жил ЖДҮХС-гаас зээл авсан асуудлаар яллагдагчаар татсантай холбогдуулан, бүрэн эрхээс нь чөлөөлөх хүсэлт өргөн барьж байв. Гэвч түүнийг бүрэн эрхээс нь  түдгэлзүүлэлгүй авч үлдсэн. Яллах тогтоол нь хэвээр байгаа юм.

Д.ДАМБА-ОЧИР:УИХ-ын гишүүнийхээ нэр төрийг барьцаалан зээл авсан тэрбээр гишүүний бүрэн эрхээс чөлөөлөх прокурорын хүсэлтээс нэг удаа амжилттай мултарсан. Тэрбээр “Сафир стоун” компанидаа 1.2 тэрбум төгрөгийн зээлийг ямар ч барьцаа хөрөнгөгүйгээр авсан ЖДҮХС-гаас зээлсэн байдаг. Хөшигний ард ихээхэн айдастай явдаг ч өнгөсөн дээрээ “Намайг хэлмэгдүүлж байна” гэх тайлбар хийдэг билээ.

Л.ЭНХБОЛД: “Х” тайлантай компанийн нэр дээр төсөл бичиж, “Хасговь транс” хувьцаат компанидаа 950 сая төгрөгийн зээл авсан нь тогтоогдсон байдаг. Түүнийг хууль хяналтын байгууллагынхан зээлийн мөнгөө өөрийн БСББ-аар угаасан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгасан. Яллах тогтоол нь жилийн өмнө гарсан гишүүдийн тоонд багтдаг билээ.

Г.СОЛТАН: Өөрийн хамаарал бүхий компанийнхаа төсөлд “ЖДҮХС-аас хөнгөлөлттэй зээл олгож өгөхийг хүсье ” гэсэн албан бичиг хавсарган хүргүүлж, “Монгол шаазан ” хувьцаат компанид 950 сая төгрөгийн санхүүжилт олгох шийдвэр гаргуулсан гэж үздэг. Түүнийг гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэн шалгуулах хүсэлт тавьсан ч журмын нөхөд нь хамгаалж авч үлдсэн. Яллагдагчаар татах тогтоолдоо  гарын үсэг зурахгүй зугтаж яваа талаар хэвлэлүүд өмнө нь мэдээлж байв.

Н.НОМТОЙБАЯР: УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг Г.Батхүү агсны нас баралтын шалтгааныг тодруулах мөрдөн байцаалтын явцад гэрчээр мэдүүлэг өгөхдөө худлаа ярьсан гэж үзэн, яллагдагчаар татаад буй. Тэрбээр уг үндэслэлүүдийг эсэргүүцэж буйгаа илэрхийлж, албан тайлбар гаргаснаа олон нийтэд мэдээлсэн билээ.

Д.МУРАТ: УИХ-ын гишүүн Д.Муратыг бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан хэрэгт буруутган эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, яллагдагчаар татсантай холбогдуулан, түүнийг гишүүний бүрэн эрхээс түдгэлзүүлэх асуудал хөндөгдөж байв. Танхимын нөхөд нь түүнийг авч үлдсэний дараа  шүүхээс Д.Муратад хамаарах эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан юм. Тэрбээр бэлгийн харилцаатай байсан гэх эмэгтэйгээ зодсон гэх шалтгаанаар буруутгагдаж байсан ч цагаадсан билээ.

Эх сурвалж: eguur.mn

Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     698    0