Хийн хоолой ярьж хий хоосон хөөрцөглөгсөд

Орос, Хятадыг холбосон хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайруулах төслийг эхлүүлэхээр тохиролцов гэх мэдээллийг Засгийн газрын хэвлэлийн алба мэдээлэв. Тэдний дамжуулсан мэдээллээр У.Хүрэлсүх В.Путинтэй уулзаад л хийн хоолойг Монголоор дамжуулахыг шууд зөвшөөрүүлж чадсан мэт ойлголт яваад эхэллээ.

Тэгвэл хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайруулах төслийг эхлүүлэхээр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин манай Ерөнхий сайд “топор”-той тохиролцсон зүйл огтоос байхгүй талаар ОХУ-ын томоохон агентлагууд мэдээлжээ. Тодруулбал, тэд Орос, Хятадыг холбосон хийн хоолойн баруун шугамын төсөлд Монголын оролцуулахыг судлах санамж бичиг төдийхөнд гарын үсэг зуржээ. Түүнчлэн Оросын төрийн тэргүүний зүгээс “хий хоолойг Монголоор дамжуулах эдийн засгийн үр өгөөжийг тогтоох, техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах зэрэг ажлаа эхлээд зохицуул” гэх  өмнөх байр сууриа илэрхийлээд манай Ерөнхий сайдыг буцаажээ.

Үүнийг нь манай Ерөнхий сайд хийгээд түүний тойрон хүрээлэгчид хий хоолойг Монголоор дамжуулахыг Путин зөвшөөрлөө гэж хий хоосон хөөрцөглөөд эхэлсэн байна. Гэтэл угтаа бол ОХУ-ын тал хийн хоолойгоо манай улсаар дамжуулах эсэх нь одоогоор яв цав тогтчихсон асуудал биш аж. Учир нь дөнгөж яриа хэлэлцээрийн төвшинд яваа, ТЭЗҮ ч үгүй хий хоосон хөөрцөглөл аж. Тэгээд ч зогсохгүй Оросын тал саяхан нээлтээ хийсэн Дорнод Сибирээр дамжиж БНХАУ-руу хүрч буй “Сибирын хүч-1” төсөлдөө бидний оролцуулах нь лөөлэй болсон юм. Тиймээс бидэнд зүүн зүгээр явж буй хий хоолойг ашиглах боломж байхгүй болсон гэсэн үг.

Харин одоо Сибирийн баруун хэсгийн байгалийн хийн орд газрыг БНХАУ-ын Шиньжян – Уйгурын өөртөө засах оронтой холбож, цаашлаад Европыг зорих ойролцоогоор 6700 км үргэлжлэх урттай хийн хоолойн “Сибирын хүч-2” төсөлд оролцох ганцхан боломж үлдсэн гэж хэлж болно. Энэ талаар ч Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведевтэй ажлын хэргийн уулзалт хийхдээ, Орос, Хятадыг холбосон хийн хоолойн баруун шугамын төсөл эхэллээ гэж мэдэгдсэн. Гэхдээ ОХУ-ын талаас болон Газпромын зүгээс хийн хоолойн төслийг маш өндөр үнэлгээтэйгээр босохыг сануулсаар байгаа юм. Өөрөөр хэлбэл  манай улс 10-15 тэрбум ам.доллар зарцуулж байж хийн хоолойтой болно гэсэн үг. Гэвч тэр их мөнгө Монголд бий юу гэдэг үнэхээр асуудал дагуулна.  Магадгүй хийн хоолойн зардлыг босгох нэрээр улсаараа сэхэл авахгүй өрөнд орж, хамаг байдгаа тавьж тууж мэднэ.

Биднийг ийн мөнгөгүй, худал хөөрцгөөж, ТЭЗҮ ч үгүй гар хоосон сууж байхад өнгөрсөн арван нэгдүгээр сард Казахстаны Эрчим хүчний сайдын нэгдүгээр орлогч дарга М. Досмухамбетов “Сила Сибирь-2” төслийн талаар мэдэгдэл хийжээ. Тэрбээр хэрвээ ОХУ болон БНХАУ нь "Сила Сибири-2"-ийг Казахстаны нутаг дэвсгэрээр дамжуулбал тус улсын Засгийн газар энэхүү эх үүсвэрийг ашиглан оросын байгалийн хийг худалдан авч, нутгийн зүүн хэсгээ байгалийн хийгээр хангана гэжээ. Тэгэхээр биднийг хий хоосон хөөрцгөөж байх хооронд “Сибирийн хүч-2” төсөл дээр аль хэдийнээ шинэ өрсөлдөгч гараад ирчихжээ.

Хэрэв Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн айлчлалын мэдээ үнэн бол шийдвэр аль хэдийнээ Монголын талд гарсан бололтой. Тэгэхээр манай Засгийн газар холбогдох яам тус асуудлыг маш түргэн ажил хэрэг болгож, онцгой ач холбогдол өгч, цаг алдалгүй ажиллах ёстой цаг тулж иржээ. Эс тэгвээс ОХУ, Газпром байгалийн хийгээ борлуулахын тулд "Сила Сибири-2"-ийг Казахстанаар дамжуулан жилдээ 1,8 тэрбум м3 байгалийн хийг тус улсад нийлүүлэх зам нээгдэх нь ээ.

А.НАМИР

АNEWS.MN

 

 




Мэдээ таалагдсан бол like share хийн үү |
    twitter     share     510    0